mardi 16 février 2016

БАРГАЧУУД


БАРГАЧУУД

Хөх монголын үеэс зоригоо гайхуулж 
Хөлөнбуйрын тэнгэр дор эмээл дээрээ ханхайж
Хүйтэн халуун хоёрт эмтэрээ нь үгүй явсан
Хүмүүнлэг сайхан сэтгэлтэй барга түмнийг дуулмуй
Алунгоо хатны ураг, алдарт Чингисийн удам
Алтан эмээлийн домог аугаа дээдсийн цэрэг
Аливааг эргэн дурсахад баргын түүх тодорно
Амгалан дөлгөөн сайхан хүмүүсийн алдар торойно
Баргын өндөр баатраас Манлай ванг хүртэл
Баатар зоригт эрчүүд түүхэнд мөнхөрсөн нь үнэнтэй
Бөх ламаас эхлэн хүч тэнхээт эрчүүл
Бүхэл бүтэн зуунаар нэрээ мөнхөлсөн нь бахдалтай
Үхэрт хүйтэн хоёр үргэлж ойрхон байсан ч
Үйл заяаны тавлингаар холдоод нүүсэн нь ч бий
Хөлөн, Буйр хоёр алс зайд оршсон ч
Хүйсийн их холбоо амин хайраар нэгдсэн нь бий.
Хойшоо урагшаа нүүсээр зуун зууныг туулсан ч
Хоёр, гурав тасарч зуурдын зовлон амссан ч
Хорвоогийн монгол туургатанд халуун элгээрээ нийлэх
Холын их бодолтны хатан зоригтны түүх бий.
Хан буурал өвгөд нь энхрийхэн үрсээ сургадаг
Хацар гоо охид нь эрийнхээ хийморийг дээдэлдэг
Хайлган сэтгэлт үрс нь ээжийнхээ ачийг санадаг
Халуун элгэн саднаараа эх орноо хайрладаг.
Дэлхийд баргууд дээдсийн халуун угсаа
Дэлгэр уудам сэтгэлтэй дэгтэй явсан хүмүүс
Ээжийнхээ аргийг үүрэлцэж, охид нь даруухан өссөн
Эцгийнхээ уургыг тагнайдаж хөвгүүд нь дуулгавартай
Сархинаг тоонотой гэр нь салхинд унаж байгаагүй
Сайхан төрсөн хүүхнүүд нь салан задгай яваагүй
Санаа гүдэсхэн эрчүүд нь самуун хэрэг тариагүй.
Сар нартай хорвоод хүний чанараа гээгээгүй
Морин дэл дээр дарцаглаж хийморьтой явсан улс
Монгол гэсэн сэтгэлээ хэзээ ч хаяагүй хүмүүс
Малчин монголын үрс баргын халуун амь
Мах цусны төрлөө мартаж байсан удаагүй.
Ороо бусгаа цагийн илд мэс харшсан ч
Оршуун Хэрлэн хоёрын урсгал татарч байгаагүй
Онож алдах хорвоогийн уй гашууныг амссан ч
Ойчиж босох заяан дээр өвдөг сөгдөж үзээгүй.
Баргууд гэдэг үнэхээр монгол зүрхний тасархай
Бахдан дээдлэн өгүүлбэл мохошгүй зоригтны эмтэрхий
Байгалаас нааших нутагтай эцэг дээдсийн ураг
Барин тавин хэлэхэд эзэн Чингисийн удам.
Шүлгийг Барга судлал хуудаснаас (copy)
Share:

0 commentaires:

Enregistrer un commentaire

Translate

hicheel

Blogger templates