СҮҮЛЧИЙН ҮЕИЙН ТҮҮХЭН ДОМОГ
ШИНЭ БАРГЫН ТУХАЙ
Энх-Амгалан хааны хоёрдугаар он /1683 он/-ы үед Орос улстай хил хязгаарыг хуваалцан гэрээ бололцоо тогтоосны хоно Амар мужид дайн байлдаан дэгдсэн үест багууд айн цочиж хааш зайлах билээ? хэмээн зөвлөлдөхөд дотор зуураа санаа нийлэхгүй гурван анги болон салж нэг анги нь Манжид дагамой хэмээн урагш нүүн Чичихарийн зүүн этгээдээр өнгөрөн Мөгдөн хотын ойролцоо хүрээд, бас тэндээс баруунш нүүн Цахар нутагт орж хойш бас нүүж халх Цэцэн хан аймгийн Бэйс Ванжилын хошуунд орж захирагджээ. Гагцхүү Бэйс Ванжил нас бага тул захирч чадахгүйд түүний эх Будисонхошууны хэргийг шийтгэж буй авч Барга Чавчиныг захиран чадахын учирт ХАр мөрний жанжинд тушааж, хойш эгүүлэн Чичихарийн зүүн хойд этгээдэд суулгаж буй агаад найралт төвийн аравдугаар он /1732 дугаар он/ -д Хүлэн Буйрын газарт нүүлгэн иржээ. Энэ нь хуучин Барга мөн. Нэг анги нь яс язуур шашин шүтлэгийн холбоогоор Халх монголтойгоо нийлмүй хэмээн баруунш нүүж Цэцэн хан аймгийн Бэйс Жанчивдорж, Бэйл Ванжил, ван Доржаал, засаг Шагдаржавын зэрэг хэдэн хошуунд орж засагуудтай захирагдсаны хойно халх барга ард түмэн харилцан эв найр эвдрэн муудалцсан явдал огт үгүй , гагцхүү засаг тайж нарын эрх сүр их, цааз эрүү хатуу, алыа ховчуур хүнд дээр баргачуудыг доромжлон үзэхүй дор тачьяалдан хорсолцож Дүгэрийн зэрэг найман хүн тэргүүлж Эрдэнэ зуу дахь цэргийн хороонд суугаа зарлигийн сайд Занданд , б идний баргачууд засаг тайж нарын доор туйлын зовлон зүдүүрийг эдэлж тэсхүйеэ бэрх болов. Дуртайгаар Манж найман хошуунд орж хүчин өргөж зүтгэсүгэй хэмээн сөгдөн мэдүүлснийг уламжлан айлтгаж, дээдээс барга нарыг Хүлэн Буйрын газарт үрд жаргаж суутугай хэмээн зөвшөөрсөн зарлигийг олж Найралт төвийн арван хоёрдугаар он /1734 дүгээр он/-д Хүлэн Буйрын газарт нүүн ирэв. Ийнхүү урьд хожид нүүн ирсээр хуучин, шинэ барга хэмээн нэрлэгджээ. Жич халхын нутагт хоцорсон барга олон бий гэдэг.
Нэг анги шууд хойш нүүж Орос улсын захиргаанд орсон нь буриад аймаг. Одоо шинэ барга нарын анхан Хүлэн Буйрын газарт нүүн ирсэн байдал учрыг товч төдий тэмдэглэжээ. Тэр цгийн засаг тайж нарын дарлалаас хаширсан олон баргачууд хэдийгээр Хүлэн Буйрын газарт өнөсөж суух зөвшөөрөлд зарлигийг олсон боловч харьяат засаг нар тавихгүй бодлого гаргаж, улам чанд баримтлан захирхуй дор халх барга нар харилцан өө сэв эрэлцэж морь уралдуулах, бөх барилдуулах, нум харвалцах эрийн гурван мэлзээ хэлэлцэж тогтоогоод морь уралдуулсан өдөр халхын морь түрүүлжээ. Нум сум харвалцсанд мөн халх нар онох, гагцхүү бөх барилдуулах нэгэн зэргийн мэлзээ дутуу ажгуу. Тийнхүү барга нар бөх барилдуулах тухай өчүүхэн ч анхаарах үгүй бардам зантай ахуйд халх нар гайхалдан: Энэ муу барга нар хоёр зэргийн мэлзээгээ автагдаад, гагцхүү бөх барилдахын явдалд бардам зантай агч юу болов хэмээлцэн нэгэн нүд хурц шинжигч хүнд ядуу гуйланчийн эвдэрхий хагархай хувцас өмсөгөж, уут сав бариулж идэх уух юмыг гуйгч болгон, баргын хүрээ хороон дотуур хэсүүлж шинжлүүлэхээр илгээжээ. Тэр шинжээч,баргын хүрээ хороон дотуур бас ч бүх хүнийг шинжвээс төдий л нүдэнд тоогдох хүн үгүй. гагцхүү нэгэн майхны хормой доогуур нэг эм барсын шинжтэй гарын алгыг олж үзжээ. Тэр болвоос баргын нэрт нэгэн бөх охин буй ажгуу. Нэгэн майханд нууж агсан аж. Энэхүү охины бие байдал өндөр бөгөөд бүдүүн,хүч чадал түмэн жингийн хүндийг үүрч чадмой. Ер ертөнцийн хүмүүн түүн лүгээ мөр зэрэгцэж эсэргүүцэх нь бус. Тийнхүү тэр халхын шинжигч эргэж ирээд өөрийг бөхдөө ийн өгүүлрүүн:”Би баргын бөхийг шинжихээр одвоос нүдэнд тоогдох бөх хүн үгүй. Гагцхүү нэгэн эм барсын шинжтэй гарын алгыг олж үзэв. Тэр нь эхнэр хүн байж магадгүй. Чи түүний дотуур өмдийг доош шувталбаас нэгэн янз болмуй за хэмээн захисны даруй халх барга хоёр этгээдээс бөхөө удирдалцан дуудалцажбөхчүүдээ тавиваас баргын бөх нь бие өндөр бөгөөд бүдүүн гуа сайхан, байдал нь идэрхэг чийрэг, арслан барсын байдалтай. Хадхын бөх нь бие бага, хүчин чадал дорой, байдал нь туулай чандага мэт. Тиймээс хоёр бөхчүүд газар тэмцэж, гар булаалдан таших, мушгих, өшиглөх шүүрэх барилцахын ташрамд халхын бөх барга бөхийн дотуур өмдний өмнө захыг шүүрч доош шувтлахуй дор баргын бөх эхнэр хүмүүн тул нууцаа олон хүнд үзүүлэхээс ичингүйрч тэр дороо суусанд халх нар, баргачуудын эхнэр хүнээ барилдуулав хэмээн дайрч хараан зүхсэнд харин барга нар хорсож, хүлцэн хүлээн чадахгүйн харгайгаар таацан жанчилдаж даруй барга нар /Бүрэн/ хан уулын энгэр дээр сэмээр хуралдаж тэр сарын тэр өдрийн шөнийн харанхуйд зэргээр нүүсүгэй хэмээн зөвлөн хэлэлцэж тогтоод болзоот шөнө бархираа зантай тэмээний амыг боож, хуцах зантай нохойны бөгсийг хайрч, хангинадаг, хахиадаг тэрэг бүрийн доор эсгий унгас чихэж, огт чимээ гаргасангүйгээр нэгэн шөнийн дотор цөмөөрөө Хэрлэн голыг дагалдан, шууд халхынхязгаараас гарч одсоныг Бэйс Жанчивдоржий бие сонсоод ихэд занаж,
Тэмээний хурданд тэшүүлсэн үгүй барга
Тэнэг муу санаандаа ургасан үгүй барга хэмээн хараасан байна. барга нар хариуд нь: суусан нутгаасаа нүүдэг үгүй халх нар
Суварга бурхан шүтээнээ хулгайлалцдаг халх нар хэмээн хараасан байжээ. Бэйсийн хатан нь барга нарыг элдэв муу үгээр хараал тавин буруу хандан алцайн зогсож, алан доогуураа шороо цацав хэмээдэг бөгөөд түүний барга нар хрин эхнэр хүн гэгч эхийн дүрэм мөн. Эхээр алцайн зогсожалтан дэлхийн шороог манай хойноос цацсан нь газар шороон шим хишиг хутаг буянаа цөм бидний баргад өгсөн сайн болов хэмээлцсэн үгийг эдүгээ болтол ярилцсаар буй.
Энэ домгийг Элдэнхийн “Барга аймгийн товч түүх” -ээс сонгов.
0 commentaires:
Enregistrer un commentaire