Л. Түдэв МУ Хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч төрийн соёрхолт соёлын гавьяат зүтгэлтэн ШУ доктор профессор . Баргийн түүх соёлын судалгаа ОУЭШ хуралд тавьсан илтгэл 2011 он
-------------------------------------
Барга монголын түүх
БАРУУН ХОЙНО, ЗҮҮН ӨМНӨДӨД СУУГАА БАРГУУД МИНЬ
... Барга мөртлөө Барга гэдгээ мартсан хүмүүст ч сэхээрэл өгөх бизээ...
-------------------------------------
Барга монголчууд бүх дэлхийн таван тивд сууж байгаа гээд хэлчихвэл үнэмших хүн байхгүй. Барга монголчууд Орос, Буриад, Тува, Казах, Киргиз, Түрэг, Түрэгмэн, Үзбек, Афганистан, Иран, Ирак, Сири, Египет, Энэтхэг, Канад, Америкад сууж байгаа гээд тодруулан хэлээд орхивол итгэхгүй ч гэсэн эргэлзэх хүн энд тэнд бий. БНХАУ-ын бараг гучаад хошуу, аймаг, муж, хотуудад хоёроос доошгүй саяар тоологдох барга монголчууд сууж байгаа гэж ярьвал нэлээд хүн магадгүй хэмээн толгой дохих буй заа. Монгол Улсын 18 аймаг, хотуудад барга монголчууд аж төрдөг гэвэл гадаадын хүн итгэх байх. Харин монголчууд өөрсдөө бол итгэхгүй. Баргууд тийм олон гэж үү хэмээн мөрөө хавчигнуулан гайхах халхууд зөндөө. Барга монгол, буриад монгол, урианхай монгол, халимаг монгол, халх монгол гэхчлэн нэрлэгдэх зургаа долоон хэсэгт хуваагдчихсан монгол буюу монголиод үндэстний хувь заяаг өргөн хүрээнд буюу даяарчлалын хүрээнд авч үзвээс Оросын Баргажингийн тайгаас Хятадын Хөлөнбойрыг хүртэл барга монголчууд, Оросынх болсон Соёны уулсын ар өврөөр урианхай монголчууд буюу тува нар,
Ижил мөрний адаг руу халимаг монголчууд, Төв Азийнхаа зулай дээр халх монголчууд, Хятадын Шинэ хязгаар гэгдсэн Ховог сайрын адаг руу ойрд монголчууд сууж байгаа бөгөөд түүхийн эргүүлгийн эрхшээлээр өөр өөр улсын сүлд дуулалд сүсэглэсээр 21-р зуунтай золгожээ.
Түүхэн замналыг ойрын хараатай дурангаар ажвал иймэрхүү үзэгдэнэ. Харин нэлээд холын хараа сайтай дурангаар харвал дэлхийн талыг даяаршуулсан Чингис хааны эзэнт их гүрэнд жанжлах алба хааж явсан монголчуудын есөн хөхөлт дайчин туг намирч үзэгдэнэ. Тэрнээс цааш харж чадах онцгой дурангаар ажваас хүн төрөлхтнийг нэгэн гэр бүлд нэгтгэх үзэл санааг анх үүдсэн Хүн гүрний 2200 жилийн тэртээх явдал бүрэг бараг харагдана. Харин Хүн гэдэг үг дэлхийн 100 гаруй хэл түүний дотор гэгээрсэн франц хэлнээ хуманите буюу юманите-хүн төрөлхтөн гээд үлдчихсэн, бүр "Юманите" гэдэг сонин гардаг болчихсон байх ажээ. Тэрнээс цааш харж чадах дуран өнөө хэр сайтар боловсорч чадаагүй байгаа ч хойт туйл мөстөж галав юүлэхийн цагт умраас өмнө рүү шилжин нүүсэн хүн төрөлхтний их нүүдлийн манлайд шүмэр монголчууд, эсгийтэн буюу скифүүд, барга монголчууд явсныг эд мөрийн баримтууд, үг хэл, хөшөө чулунууд гэрчилж буйг анзаарахаас аргагүй цаг иржээ. Хойт туйлын мөсөн дор байгаа Сүмбэр уулаас бууж ирсэн шүмэрүүд, эсгий гэр, модон сөнгөөрөө гайхагдсан скифүүд баруун хойт хязгаарт тархан суусан түүхийг ярилгүйгээр байран нутгаа сахисар үлдсэн барга монголчуудын дээдэс Баргажин нутгаа эзэгнэсээр он цагийн олмыг татсан тухайгаас түүх ярьж эхэлбээс ойр дөт болой.
Дурангаар биш энгийн нүдээр харахад Баргужин аймгийн тэргүүн Баргудай мэргэний охин Баргуин гуагаас ураг модны мөчир салааг хааж мөшгөн ажваас барга монголын элгэн садны хэлхээг тод харж болно. Баргужин гуагаас төрсөн охин Алун гоо нь Добун мэргэний гэргий болсон цагаас нааших түүхийг ажихад тусгай дуран шаардлагагүй буйзаа. Харин найман зуун жилийн дараах өнөө цагийн халх монголчуудад барга хүн гэхээр ямар нэгэн алс холын танилыг ярьж байгаа мэт сэтгэгдэл төрдөг бололтой. Тэгсэн мөртлөө Боргожин гэхээр энүүхэн Төв аймгийнхан мэт ойрхон санагдахаар барахгүй хэн дуртай нь боржигин овогтой гэгдэх санаархалтай нь ажиглагддаг. Гэтэл тэр үгийн эцэг барга гэдэг бол монгол үндэстний эртний сурвалжит аймгийн нэр бөгөөд магадгүй дөрвөд, өөлд, баяд, захчин гэхчлэн ястангуудын нэрнээс ч өмнөх үеийн нэр томъёо байж мэдэх юм. Учир гэвэл барга гэдэг үг зөвхөн хүн зоноор зогсохгүй ой хөвч, уул нуруу, гол мөрний нэр болон мөнхөрчээ. Түүгээр барахгүй их далайн хойт хязгаарт Баргын арал гэдэг нэртэй томоохон арал олтриг буй ажээ. Баруун хойшоогоо алсхан харваас Баргужингийн тайга гэдэг битүү ногоон хөвч ойтой нутаг байх агаад Орос газрын зураг дээр Баргузинская тайга гэж бичигджээ. Баргуудын аж төрсөөр ирсэн энэ нутгийн нэр нь Баргу гэдэг жинхэнэ дуудлагаараа орос хэлнээ үлджээ.
Баргу биш барга биз дээ гэж маргах хүн гарч мэднэ. Гэтэл монгол хуучин бичгээр баргу гэж бичдэг билээ. харин шинэ үсгээр бол барга гэж ярианы хэлэнд дулдуйдсан бичлэгтэй энэ үг хуучин хөшөө чулуу дурсгалд байырку гэж бичигдсэн байх агаад нанхиадын ном сударт баегу гэх дуудлагатай гардаг байна. Харин орос хэлнээ бол Баргузинская котловина, Баргузинская хребет, Баргузин река, Баргузин заповедник гэхчлэн оржээ. Дээр нэр дурдагдсан Баргын гол бол 480 км урт бөгөөд Байгал нуурт цутгадаг. Баргын нуруу 280 км урт, 2840 метр өндөр уулс юм. Баргын төхөм гэдэг бол ес, аравдугаар зууны үеийн нэр. Үүнийг бас Баргын хөндий гэдэг. Баргын хотгор ч гэх нь бий. "Эй Баргузин пошевеливай" гэдэг орос дуу ч бас байдаг.
Ер нь Баргаар нэрлэгдсэн энэ өргөн уудам нутгийн уугуул эзэд нь барга монголчууд байсаар ирж, өнөө үед Баргын дархалсан газар болсон юм. Баргуудыг буриадаас тусгаарлан бие даасан засаг захиргаатай байлгахыг Оросын засгийн газар бодлого болгосоор ирсэн нь учир жанцантай гэх үндэстэй бөгөөд дээр цагт Хрущев буриад Монголын өөртөө засах улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасуулсан бол сүүлийн үеийн шинэчлэлээр баргужингийн эрх хэмжээ мөн л бүдгэрэв бололтой. Гэвч баргужингийн уугуул ус, суугуул нутаг, барга царай, ёс заншил, хэл яриаг бүрэн өөрчлөх, тэр тусмаа түүхийг шинэчлэх аргагүй болой. Барга бол Хүн гүрний үед хүчирхэг явсан аймаг бөгөөд Засагт ханы хөх харцуул гэдэг шиг баргардуу царайтай хүмүүс байснаар нэршсэн ч байж болохоос гадна Багажин баатарын удмынхан ажээ. Монгол хэлнээ баргах, баргар гэдэг эртний үг байсаар буйн дээр Баргай тоглох гэдэг эртний тоглоом нь баргуудаас гаралтай ч байж болох юм. Энэ нь мөсөн дээр шагаа гулгуулан зугаацдаг басхүү давхарласанг баргай, дан баргай гэсэн хоёр төрөлтэй, өнөө үед бараг мартагдсан тоглоом юм. Мөс гэснээс баруун хойт хязгаарын баргуудын нутаг бол өвөл мөс цас ихтэйгээрээ цуутай газар. Тэгэхээр мөсний баргай тоглох нь өмнийн говьд биш өрнийн баргажин нутагт илүү нөхцөлдсөн гэж болно.
Нөгөөтэйгүүр Хойт мөсөн далайгаас тийм их холдоогүй тогтож үлдсэн хүмүүс бол баргууд. Дэлхийн бөмбөрцгийн тэнхэлгээрээ 23 хэм хазайх аюулд учрахын өмнө хойт туйл одоогийн халуун орноос ч дулаан улиралтай, ногоон диваажин байсан гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ нотолчихсоныг харгалзан үзвээс тэрхүү диваажингийн орон аажмаар мөсөөр бүрхэгдэхийн хэрээр оршин суугчид нь урагшлан нүүж Номхон далайн эрэг хүртэл тархсан тухайд Энэтхэгийн эрдэмтэн Бал Гандхаар Тилак "Вед дэх арктик орон", Америкийн эрдэмтэн Уйлъям Уоррен "Хойт туйлд олдсон диваажин" зэрэг номуудад өгүүлсэн зүйл таамаглал биш бодот байдал гэдгийг өнөө үед хүлээн зөвшөөрөхөөс зайлбаргүй тийм баримтууд олдсон билээ. Диваажин хүйтэрч, дэлхийн тэнхлэг хазайсан тэр үеэс мөнөөхөн амгалан жаргалангийн орноос урагшлан аажмаар нүүж Төв Ази, Энэтхэгийн далайн эрэг хүртэл тарсан ястан үндэстний дотор зонхилох хэсэг нь монголоид буюу Монгол гаралтан байсан бөгөөд тэдгээрийн голлох аймагнь баргууд гэж үзэхээс аргагүй тийм үзүүлэлтүүд өнөө хэр судлагчаа хүлээсээр байна.
Хүн гүрний 2200 жилийн ойг тэмдэглээд байгаа өнөө үед тэрхүү хүчирхэг гүрний эх нутаг нь Байгаль далай, Баргужин төхөм болохыг, улмаар Хүн гүрний хүн амын голлох хэсэг нь баргууд байсныг нотлох баримт цөөнгүйг дурдахын ялдамд баргын шүтээний сэнтий Хойт туйлын наад эрэгт, Кузовын ольтрог дахь өндөр байцын оройд үлдсэн нь өнөө хэр суух эзнээ үгүйлсээр байгаа гээд хэлчихмээр санагдав. Энэ тухайд хэдэн жилийн тэртээ бичиж "Дал" сониноор цувруулаад саяхан Бүтээлийн чуулган 32 ботидоо оруулсан "Өнгөрснийг мөрөөдөхүй" гэдэг баримтат сурвалжлагын тууждаа дэлгэрэнгүй өгүүлсэн билээ. Баргуудын дээд эзэн юмуу эсвэл дээ бөөгийн залардаг байсан гэж болмоор тэр сэнтийн ар түшлэгт нь нүдтэй наран тамга сийлээстэй үлджээ. Гэтэл одоо цагийн барга нарын морьдын тамга нь мөн л өнөө нүдтэй наран байгаа нь гайхалтай. Түүгээр ч барахгүй Сэцэн хан аймгийн боржигон сэцэн вангийн хошууныхны адууны тамга нь мөн л нүдтэй наран тамга байсаар иржээ. Бас нэгэн баримт дурдахад баргужин нутгийн урд хязгаарт 1225 оны үед Их Монгол улсын Их сужгай байжээ. Тэнд болсон их баяр ёслолын үеэр Их эзэн Чингис хааны ач хүү Есүнхэ мэргэн 335 алд газарт байгаа байг нум сумаар харваж оноод сур харвалтын дээд амжилт тогтоосон учир Чингис хааны зарлигаар уг амжилтыг хөшөө чулуунаа сийлүүлсэн нь хожим Чингисийн чулууны бичиг гэж алдаршсан юм. Уг хөшөө өдгөө Петербургийн үзмэрийн санд тавигдсан байгаа.
Тэрхүү хөшөө чулуунаа Бух Сужгай гэдэг үг бараг эхэнд нь байгааг удаа дараагийн эрдэмтэд хазгай тайлан уншиж нэг адил дүрстэй О, У үсгийг андуурснаас Бух Сочигой гэдэг газрын нэр болгон андуу тайлсан юм. Гэтэл тэр нь сочигой биш сужгай гэдэг үг бөгөөд морины уяаны нэр юм. Бух гэдэг нь том гэсэн утгыг тээсэн үг тул Их буюу бух сужгай гэдэг морьтон ардын сүсэглэн дээдэлдэг морины уяаны нэр ажээ. Эзэн Чингисийн төрийн их ёслол, наадам хийдэг газар байрлуулсан олон зуун баатар эрсийн хүлэг морьдоо уядаг зэлийг нэрлэсэн тухайд Монгол сэрэг гэдэг товхимолдоо арваад жилийн тэртээ дэлгэрэнгүй бичиж тайлбарласан тул үүгээр үл нуршин өгүүлэхүйд тэр цагийн байтугай одоо ч сур харвалтын дээд амжилт гэгдэх том үзүүлэлтийг мөнхөлсөн Чингис хааны дүү Хасар Богдын хоёрдугаар хүү Есүнхэ мэргэн бол Өвөрмонголын Хөлөнбойр, Их Хянганы баруун бэлээр нутаглаж буй барга нарыг өвөг дээдэстэй холбоотойгоор барахгүй садан төрлийн хэлхээ бүхий түүхэн хүн билээ. Есүнхэ мэргэний эцэг Хасар баатартаа ах Чингис хаан Тэмүүжин нь хувь болгон эзэмшүүлсэн тэр нутагт зонхилох ам бүл нь барга нар байсан бүлгээ. Хасар баатар тэр нутгийг буюу Эзэнт гүрнийхээ зүүн хязгаарыг сахин хамгаалах үйлст бүх насаараа зүтгэж явсаар тэр нутагт Их Хянганы Их ууланд нойрссон хүн юм. Түүний үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж Чингисээс Хувилай хааныг хүртэл Монголын хэд хэдэн хаадын үед эзэнт төрөө түшилцэж их гавьяа байгуулан урт насалсан бөгөөд Хувилай хаанаас алтан тамга шагнуулж алдаршсан хүн бол Есүнхэ мэргэн ажээ. Барга баатрын хойч үе баргын эрэлхэг дайчин эрсийн үйл хэрэг, зориг цөс, эх оронч үзэл санааг тээгчид хойшдын зуун бүрт нэг биш удаа гарч байлаа.
Эдүгээ зуун жилийнх нь ойг тэмдэглэсэн Монголын үндэсний хувьсгалыг бадраан Монгол Улсынхаа хорол тооныг өргөгчдийн тэргүүн эгнээнд Манлайбаатар хэмээн өргөмжлөгдсөн барга Дамдинсүрэнгийн гавьяа тодхон үсгээр бичигдэн үлдсэн билээ. Монгол угсаатны эртний гаралтай аймгуудын дотор онцлох байр суурьтай асан баргуудын тухайд удам угсаа, түүхэн замналыг нь мөшгөн судлах ажил алгуурлагдсаны улмаас цагаан зай гарч байгааг нөхөх нь төрийн болон эрдэмтдийн анхаарлыг татах учиртай. Харин хэсэг судлаач, эрдэмтэд Барга судлалын холбоог байгуулж Барга судлал сэтгүүл гаргаж цуврал ном хэвлүүлж, сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулж эхэлсний үр дүнд Барга монголын түүх, Баргын эрх чөлөөний тэмцэл, Манлай баатар Дамдинсүрэн зэрэг бүтээлүүд хэвлэгдэн гарснаар барга судлал суудлаа оллоо гэж үзэж баяр хүргүүштэй байна. Энэ бүхэн барга мөртлөө барга гэдгээ мартсан хүмүүст ч сэхээрэл өгөх бизээ.
Л. Түдэв МУ Хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч төрийн соёрхолт соёлын гавьяат зүтгэлтэн ШУ доктор профессор . Баргийн түүх соёлын судалгаа ОУЭШ хуралд тавьсан илтгэл 2011 он
0 commentaires:
Enregistrer un commentaire