dimanche 3 janvier 2016

Буриадуудын угийн бичиг бүр Барга баатрын домгоор эхэлдэг

Буриадууд монгол угсаатны нэгэн бүл

"Буриадууд эдүгэ Орос, Монгол, Хятад, Австрали Улсад амьдардаг түүхэн өлгий голомт нь Соёны уулсаас Эргүнэ мөрөн, Байгал далайгаас Гурван гол хүртэл билээ. Буриадын бүрэлдэхүүнд түүхэн гарлын талаас нь авч үзвэл буриад, эхирэд, булгад, хорь түмэд, тавнан, сонгоол, авгад, атаган, хатагин, ашавгад, салжиуд, сартуул, юншэйбү хамниган, барга үзөөн хэмээх олон овгийн олон язгууртай бөгөөд тэр бүгд удам угсааныхаа аргамжийг мах цусаараа хэлхэн Монголын их гүрэнд нэгдэн улс гэрээ тэтгэж, түүх соёлын нэгдмэл их огторгуйд хувь заяагаа холбож явсан юм” гэж Бямбасүрэн гуай уран яруу тодорхойлсон нь бий.
“Дээд язгуурт Бөртэ чоно, гэргий Гоо-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан хүү төрүүлжээ” гэж Монголын нууц товчоо эхэлдэг. “Тэнгис далайг гэтэлж” гэдэгт судлаачид маргалдан санал зөрж, хол ойрын, харь өөрийн олон далай тэнгисийг нэрлэх нь бий. Үүнд: “Монголын зарим түүхчид Хөвсгөл нуур, Эгийн голын цаанаас ирсэн урианхай гаралтай хүмүүс гэх. Монгол Буриадын зарим түүхчид Байгал нуур, Сэлэнгэ мөрний цаанаас ирсэн булгачид, хэрэмчид гэдэг. Европын түүхчдийн дотор Иран Персээс гаралтай Несторян шашинтай хүмүүс гэж үзэх тохиолдол байдаг бол сүүлийн үед Японы зарим эрдэмтэд Япон тэнгисийг гаталж ирсэн гэж таамаглаж байгаа сураг ч гарлаа.” Сүүлийн хоёр таамаглалыг анхааралдаа авахгүй байж олох бизээ.
740-өөд оны үед түрэг, уйгарын хооронд болсон ширүүн байлдаан тулалдаанд монгол аймгууд уйгарын талд орж дайтаад хиар цохиулжээ. Үүнээс амьд үлдсэн монгол аймгийн Хиян, Никүт гэгч хоёрхүн Түргийн хаант улсын эзэмшлийн гадна орших үржил шимтэй Эргүнэ голын эрэгт ирж нутагшсан тухай домог байдаг. Хиян, Никүт хоёр алдарт боржигон овгийн буюу Бөртэ Чино Гоо Маралын дэд өвөг гэх.Гурван голын эхээр гол төлөв Хэнтий нуруу, Буйр нуур, Дорнодын хээр талын баруун хэсэгт нутаглаж хамаг монгол ханлигийн бүрэлдэхүүнд байсан монгол омог аймгийг язгуурын монгол гэх болжээ. Язгуурын монголд хиад ясны боржгон овгийнхон зонхилж, түүнээс хамаг монголын тэргүүн сонгогдож байв.” Чингис хаан нь тийнхүү хияд удмын боржигон овогтон үүссэн билээ.
Эрдэмтэн С.Ишбалжир, “Бөртэ-Чино, Гуа-Марал хоёр /IX зуун/ одоогийн Өвөр Монголын нутаг Эргүнэ голын хөндийд нутаглаж байгаад, Хайлар голыг гаталж, эртний алдарт Хөлөн буюу “Далай” нуурыг гэтэлж /тойрч/ Бурхан Халдунд нүүж ирсэн хияд овгийн хүн” гээд Чингисийн алтан ургынхны эзэмшил байсан “уугуул нутгийн гол мөрөнг” Бөртэ-Чино, Гуа-Маралын гэтэлсэн “тэнгис далай” гэсэн дүгнэлт хийжээ. Энэ дүгнэлт нь түүхэн үйлтэй тохирдог монгол үндэстний үүслийн тухай хияд овогтны домог, буриадын гарал үүслийн тухай олон хувилбараар байдаг хунгийн домог ба монголын нууц товчоотой гурамсан холбогдож байгаа үндэслэл сайтай таамаглал юм.
Бөртэ Чино, Гоо-Маралтай шадарлаж, хамгаалан тэднийг Бурхан Халдунд авчирсан түшмэлийг Барга баатар хэмээнэ. Буриадын угийн бичиг голдуу Барга баатраар эхлэдэг. “Барга нарын өвөг гэх Баеэгу аймаг VI-VII зуунд Хүлэн Буйрын баруун хөвөөгөөр нутаглаж байгаад XI зуунаас Байгаль нуурын зүүн эргээр нутаглаж байсан,“Баргужин төхөмийн эзэн Барга баатар нь түүхэн хүн бөгөөд “Монголын нууц товчоо”-ны VIII зүйлд гарах Баргудай мэргэн мөн хэмээдэг.Рашид-ад Дины бүтээл болон монголын түүхэнд Баргуд, Хорь, Тулас аймгууд харилцан ойр төслөг, нутаг нь Сэлэнгийн солгой этгээд, Баргужин төхөмд хамт байсан. Монгол угсаатны нэг бүл болох буриадуудын дээд өвөг Баргужин төхөмд аж төрж байсан. Одоо ч баахан орос маягийн сүүл төгсгөл авсан ч нэрээ хадгалсаар байгаа Баргузинский район бол нууц товчоо болон бусад түүхэн эх сурвалжид олонтоо дурдагддаг Баргужин төхөм мөн юм.
Барга баатар нь Олюудай түргэн, Буриадай мэргэн, Хоридай мэргэн гэх гурван хүүтэй байжээ. Олюудай түргэн уугуул нутаг Алтай нурууны өвөр Хан-Хөхийдөө буцаад дөрвөн Ойрдын элэнц болж, хоёр дүү Буриадай мэргэн Хоридай мэргэн нь эцгийн хамт үлдэж Байгал нуур орчмын овгууд удамласан. Хоридайгаас хорь түмэд үүссэн. Д.Бямбасүрэн: “Түүхийн сурвалж бичиг, домогт өгүүлэх нь Бөртэ чоныг бусарган самууны хөлөөс зайлуулж, тэнгис далайг гаталж Онон мөрний эхэнд авчирсан түшмэл Барга баатар Тайсон ноён гурван хүүтэй бөгөөд түүний Хорьдай хэмээх хүүгээс Хорь түмэд, Элюрдэй хэмээх хүүгээс эхирэд булгад, Гүр-буриад хэмээх хүүгээс нь буриад омог салбарлан гарсан” гэжээ. Г.Сумъябаатар: “Эрт урьдын цагт хонгирадын дээдсийн “Алтан цөгц” овогт төрсөн ах дүү гурав байжээ. Ахмад Зүрлэг мэргэнээс Хонгирад аймаг үүссэн. Удаах хүү Хувайширагаас Эхирэс, Олхнууд аймаг үүсэв. Гутгаар хүү Түсүбудугаас олон хүү төрж, Харнууд, Горлос, Элжигдэй зэрэг овог болов. Хорийн буриад зон Эхирис аймгаас гаралтай” гэх. Гурван хүүтэй нэг эцгээс салбарласан овгуудаас гарвалтай монгол буриадууд нэг үндэс угсаатай гэсэн санаа давтагдаж байна.
Хорь түмэдийн дэд өвөг Хоридай мэргэн Шаралдай, Нагаадай,Баргужин гэсэн гурван эхнэртэй байжээ. Анхны эхнэр Шаралдай нь Галзууд, Хуасай, Хүбгүүд, Гушад, Шарайд хэмээх таван хүү, удаах эхнэр Нагаадай нь Харгана, Худай, Бодонгууд, Хальтан, Цагаан, Батанай гэсэн зургаан хүү төрүүлжээ. Гутгаар эхнэр Баргужин гуа нь ганц охин төрүүлсэн гэх. Хоёр хатны 11 хөвгүүд үржсээр "хорь 11 эцэг" хэмээх хорь буриадын үндсэн овгийг үүсгэсэн. “Хус модон сэргэтэй, хун шувуу гарвалтай, хорь арван нэгэн эцэг” гэсэн буриад хэллэгт гарах хорь 11 овог ийнхүү үүсчээ. Оросын Ага буриад нь дээрх хорь арван нэгэн эцгийн Худай, Гушад, Батанай ороогүй Ага найман эцгийн гэгдэх овог үүссэн болно.
Хоридай мэргэний ганц охин төрүүлсэн эхнэр нь Баргужин гуа. Охин буриад заншлаар угийн бичигт бичигдсэнгүй. Баргужин гуа хатныг ууган, отгон хатан байсан талаар судлаачид маргалддаг ч, түүний төрүүлсэн ганц охин нь Алун гуа гэдэгт санал нийлдэг. Хоридай мэргэн хэдийнээ нас бие гүйцэж айл гэртэй болсон 11 хөвгүүд, хоёр ахмад хатдаа нутагтаа орхиод, бага хатан Баргужин гуа охин Алун гуаг авч Бурхан-Халдунд нүүсэн гэдэг.
Буриадуудын хун шувуу гарвалын тухай олон домог байдаг. Үүнээс Ү.Дашнямын тэмдэглэсэн домгийг толилууьяа: Хоридай мэргэнБайгал далайн эрэгт явж байгаад нэгэн сонин зүйлийг үзэв гэнэ. Тэнгэрээс нисч ирсэн хун шувууд далайн эрэгт буухдаа, үзэсгэлэнт охид болон тэдний далавч сэлт нь гоёмсог нөмрөг болов хувирч,тэнгэрийн охид усанд сэлж, зугаацаж ханаад, өөр өөрийн нөмөргийг өмсөн дахин хун шувууд хувилан тэнгэрийн орондоо буцдаг болохыг Хоридай мэргэн эргийн зэгсэн дотроос сэм ажиглан мэджээ. Хоридай мэргэн таалагдсан бүсгүйн нөмрөгийг нууж, хөөрхий хунг далавчгүй болгожээ. Ийнхүү тэнгэрийн охин газрын хүний гэргий болон олон хүүхэд төрүүлж дээ. Хүн, “хун” хоёр амьдарсаар цагийн урсгалд хоёул хөгширчээ. Нэг өдөр эхнэр нь шимийн архи нэрэхээр тогоондоо бүхээгээ тавьж, Хоридай тогоо бүхээг хоёроо тугалын балингаар шавж байтал эхнэр нь миний нөмрөгийг үзүүлээч гэжээ. “Олон хүүхэдтэй, өтөлсөн энэ яав гэж” гэж бодоод авдарандаа хав дараад бараагий нь ч харуулдаггүй байсан нөмрөгий нь гаргаад өгчээ. Гэтэл эхнэр нөмрөгөө нөмөрч байснаа, хун болон гэрийн тоонон дээрээ гарч “ган гун” дуугарсаар дээш нисэж дээ. Хоридай мэргэн түүний хөлнөөс шаваас хийж байсан халтар гараараа зуураад тогтоож чадалгүй хоцорчээ. Хунгийн хөл хар байдаг нь ийм учиртай гэнэ. Хоридай мэргэн гурван эхнэртэй байсны аль нь “хун” гарвалтай байсныг хэлэхэд бэрх.
“Онон, Хэрлэн, Зүлх, Минж зэрэг олон голуудыг товчлох нурууны баруун үргэлжлэл болох Охид хүүхэд хэмээх нэгэн их өндөр уул бий. Түүний ар доороос хун их цуглардаг Хунгийн гол хэмээх их гол урсаж гараад Шарулин хэмээх гол лугаа нийлж Зүлх гол болон умард тийш урсана. Үүнд дээр дурьдсан Эригний хун хэмээгч нь эрхбиш үүнийг хэлсэн мэт” гэж түүхч А.Амар тэмдэглэсэн нь бий. Хүн, “хун” хоёр яаж амьдардаг байна” гэсэн асуулт гарах уу? Хун шувууд цуглардаг уугуул нутаг Эргүнэ хунгаас хувь тавилангийн эрхээр нүүн явахдаа нутгаа санагалзан “Хун шувуун гарвалтай” гэдэг болсон бизээ. Хун шувууны ханьдаа үнэнч чанар, цэвэр ариуныг билигдсэн цагаан өнгө зэрэг нь буриадын тэнгэр шүтлэгтэй сүлэлдэн хунгийн домгийг бий болгосон болов уу. Тэнгэрийн охин-хун шувуу тэнгэртээ буцсан санаагаар “тэнгэр язгуурт” Алун гуа нутаг буцсаныг хэлсэн ч байж болох юм.
“Махан тэжээлт “Бөртэ-Чоно”, өвсөн тэжээлт “Гуа-Марал”-ыг барьж идээгүй нь сонин” гэж гэж францын түүхч Мишель Хоанг егөөдсөн байдаг. Түүхч А.Амар: “Бөртэ-Чино нь мөн тэр үед ирсэн буюу эсвэл уулаас хүннү, сяньби, тобануудын хамт сууж байсан алин боловч нэгэнт монгол хүн. Тийн атал, зарим нэгэн түүхчнээс монголчууд нь өөрсдийн гарлыг чоно ба марал хэмээх адгуус амьтнаас гарав хэмээдэг хэмээн, Бөртэ-Чоно, Марал хэмээхийг адгуус мэтээр бодож өгүүлдэг байна. Энэ нь Чино, Марал хэмээх нэрээс сэжигдсэн хэрэг бололтой. Монголчуудын заншлаар эдгээр болбоос, хүнд чоно ба марал хэмээх нэр цол өгөх нь тэр үед байтугай одоо ч байх амуй. Марал хэмээх нь бас одны нэр тул монголчууд одон гаригаар их л нэрлэдэг болой” гэж дээрх түүхэн хүмүүсийн нэрс адгуус амьтантай холбоогүй болохыг өгүүлдэг. Ер нь билигдлийн чанартай тотемийн амьтад дэлхийн олон үндэстний үлгэр домогт гардаг агаад тухайн үндэстэн ястны үзэл бодол, гоо сайхны мэдрэмжийг л эдгээр үлгэр домог илэрхийлдэг. Байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэн амьдардаг нүүдэлчин монголчуудад чоно нь эр зоригтой, хүч чадалтай ухаалаг араатан, согоо марал нь үзэсгэлэн гоо төгөлдөр хийгээд цоглог хурдан амьтанд тооцогдож, билигдлийн тотем болсныг үгүйсгэх аргагүй.
Буриадын гарал үүслийн талаарх домогт олон хувилбараар байдаг хунгийн тухай домгоос үзсэн ч, тэд хун шувуу элбэгтэй Эргүнэ голын саваар нутаглаж байгаад, хожмоо Байгал нуур руу нүүсэн баргуд, хорь түмэд аймгаас буриадууд үүссэн гэдэгтэй санал нэг байна. Буриадууд эртнээс хамаг монгол ханлигийн түүхэн өлгий нутаг Соёны уулсаас Эргүнэ мөрөн, Байгал далайгаас Гурван гол хүртэл өөрөөр хэлбэл Гурван голын эхээр гол төлөв Хэнтий нуруу, Буйр нуур, Дорнодын хээр талын баруун хэсэгт амьдарсаар иржээ. Тэгэхээр түүх үүсэл нэгтэй, зан заншил төстэй, шашин шүтлэг ижил, хэл соёл, ахуй адилхан буриадууд яах аргагүй монгол угсаатны нэгэн бүл мөн.
Буриадын нэрийн тухайд: Буриадуудын угийн бичиг бүр Барга баатрын домгоор эхэлдэг, түүнчлэн хамаг монголын бүрэлдэхүүнд байсан барга, хорь түмэд аймгуудаас буриад зон үүссэн гэж түүхчид үздэг тул “Баргут” үгнээс “буриад” нэр үүссэн байхыг үгүй гэхийн газаргүй. Чоно тотемтэй монгол болон буриад аймгууд түрэгийн ноёрхолд байх үест тэднийг чоно буюу “бурет” хэмээн нэрлэж байжээ. Эртний түрэгээр чоныг “буре” гэдэг нь бурет буюу улмаар буриад болсон гэх санаа ч бас үнэмшилтэй. Мөн ойн иргэдийн тоонд багтаж явсан санааг гаргасан бургасныхан буюу “бураад” гэсэн үг гэсэн тайлал байдаг. Сибирьт цагаан хаант Оросын нэвтрэх анхны давалгаанаар “харь үндэстэнд” хандах оросын бодлого эеврүү байж, татвар төлөхийг зөвшөөрснийг “брат” буюу “буриад”, татвар төлөөгүйг “монгол” гэж ялган бүртгэж харь гажууд нүүдэлчид гэлгүй хандаж байсан үед, орос хэлний “брат” үгийн сунжирсан дуудлага “буриад” болсон гэдэг шинэ үеийн түүхтэй холбогдон гарсан ойлголт хамгийн түгээмэл хувилбар. “Монгол угсаатны нэг салаа мөчир болох буриадын угсаа гарвал болон нэрийнх нь үүслийн асуудал ээдрээтэй бөгөөд эдүгээ болтол нийтээр хүлээн зөвшөөрсөн тайлбарлал үгүй билээ.
Гангаа

Д.Бямбасүрэн “Буриад түмний гарал үүсэл, түүхэн замналын зарим асуудал”
С.Ишбалжир “Бөтрэ-Чоногийн нутгийн эрэлд”
Г.Цэрэнханд “Монгол угсаатны түүхэн хөгжлийн зарим асуудал”
А.Пунцаг „Баргужин төхөм нутгийн овог аймгийн тухай "
Г.Сумъяабаатар “Буриадын угийн бичгээс”
Мишель Хоанг “Чингисхан” след в истории
Ц.Төрбат “Буриад гэх угсаатны нэрийн тухайд”

Share:

0 commentaires:

Enregistrer un commentaire