mardi 16 février 2016

Эртний Баргажин Төхөм орны зүрх болсон Баргажины хөндий



Эртний Баргажин Төхөм орны зүрх болсон Баргажины хөндий
6,7-р зууны үед Баргажины хөндийд Курыканихтай төстэй байегу овгийнхны (байырку) соёл дэлгэрч байжээ. Байегу нар нь эртний монгол хэлтэн өвөг барга буюу баргуудын дээд өвгүүд байсан байна. (Буриадын түүхэн өгүүллэгүүд, Улаан-Үд буриадын ном хэвлэл, 1-р боть, х-490, 1972)
Баргачууд нь онигор нүдтэй, урт гэзэгтэй байсан ба арьсны оронд зөөлөн эдээр хийсэн хувцас өмсдөг, төмрөөр (мөнгөөр) тоноглосон эмээлтэй, эрүүл чийрэг эхнэр, хүүхнүүдтэй байсан ба барга, хорчингууд нь өндөр нуруутай, хөдөлмөрч хүмүүс байсан тул газар тариалан эрхэлдэг байжээ. (Баргажины нам дор газар, Улаан-Үд хот, 1993 он)
Баргууд гэдэг нь эртний нэр нь бөгөөд монгол хэлт дайчин овог байв. Баргууд нь хагас суурьшлын байдалтай амьдардаг байсан бөгөөд мал аж ахуй, агнуур, дархан, вааран эдлэл хийхээс гадна газар тариалан эрхлэн хөгжүүлж байжээ. Үүний баталгаа нь усалгааны суваг шуудуу, тариалангийн талбай, тээрмийн үлдэгдэл анжис, хадуур зэргийн зүйл Баргажин аймгуудаас олддог явдал юм. (Буриадын түүхэн өгүүллэгүүд, х.35-36)
Бас нэг баталгаа нь Баргажины он дарааллын бичээч Ц.Сахровын бичсэн Хамнигад нарыг ирэхээс эрт Баргажинд ав-хорчингууд амьдарч байсан ба зарим мэдээгээр эдгээр нь солоон баргууд байсан гэдэг. Эдгээр монгол овгийнхон хавчлагын улмаас Өвөр монгол руу нүүсэн гэдэг. Эдгээр түмэн хятадын нутаг дотор хорчины 10 хошуу нэгдэн одоо оршсоор байгаа ажээ. Тэд сайн чадварлаг тариачид юм.
Баргажингаас эртний төмөр болон хүрэл зэвсэг, киргизийн зэс сумын зэв болон бусад зүйлс зэрэг ав-хорчид энд амьдарч байсны баталгаа болсон хэрэгслүүд олддог байна.
Одоо баргууд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөлөнбуйр аймагт амьдарч байна. Хөлөнбуйрын баргууд нь хуучин ба шинэ барга гэж хуваагдана. Хуучин баргууд арван мянган орчим хүмүүс байх бөгөөд тэд бие даасан хуучин барга хошуу (төв нь Баян хүрээ) байгуулан амьдарч байна.
Шинэ баргууд нь Шинэ баргын зүүн ба баруун хошууг бүрдүүлж байгаа бөгөөд зүүн хошууны Амгалан, баруун хошууных нь Алтан эмээл хотууд болно. Тэд 20-25 мянган хүнтэй ажээ. (Д.Д.Нимаев, Байгаль далай орчмын эртний оршин суугчдын угсааны хамаарлын тухай, 1998 он, х.44)
Буриад ба барга хэлийг харьцуулан жишиж үзэхэд профессор В.И.Рассадины урьдчилан тааварласнаар эртний барга-буриадын хэлийг нэг хэл гэж үзэж болох байна. Барга хэл нь харин хуучин ба шинэ барга хэл тод ялгагддаг байна.
Харин хуучин баргын хэл нь Баргажин болон Байгал Хударийн эхэрид буриадын хэлтэй ойролцоо ба шинэ баргуудын хэл хорибуриадын хэлтэй ойр төстэй байдаг байна. Шинэ баргуудын хэл ба угсаа төрлийн шинжилгээнээс үзэхэд тэд хорибуриадаас гаралтай, харин хуучин баргуудын угт харнууд, шарнууд, хурлаад гэсэн Байгал орчмын булгад овогт хамаарах буриадын төрөлд хамаарах бүлгээ. Хуучин барга хушууны барга -монголчууд хуучин баргын аялгаар ярилцдаг байна. Энэхүү аялгаар ярилцдаг хүмүүс 20 мянга гаруй байна
Судлаачдын мэдээгээр хуучин баргууд 18 овогтой (халтай) байдаг гэж үзсэн боловч тэд гавшууд, дуулхшан, чивчин, хурлаад, эреэгэн, хагнууд, шарнууд, жилхэмэг, булангир, хашнууд, урианх гэсэн 11 овог тодорхойлсон байна. Овог бүр нь дэд овогтой (салбар) байжээ.
Баргууд 270 гаруй жилийн өмнө Икатын (Их хаадын) нурууг даван гарч зүүн тийш нүүсээр БНХАУ-ын Баргын нутагт байх Хөлөнбуйрт хүрчээ. Хуучин баргуудын дурсамжаас үзвэл тэд Ина голын хөндийгөөр морин ачаатай, олон мянган малаа тууж явжээ. Тэд өөрсдийн ёс заншил, уламжлал, аялгын хувьд баргажныхтай төстэй хэлээ хадгалж үлджээ. Баргууд нь буриад- монгол хувцас өмсөх ба буриад дуу дуулах, морь уралдуулах, бурханд залбирах зэрэг өвөг дээдсийнхээ материаллаг болон оюуны соёлыг хадгалж үлдсэн байна.
“Манай өвөг дээдэс бүр 1732 онд энэ газарт ирж суурьшсан тухай Манжийн он дарааллын бичигт тэмдэглэгдсэн байдаг. 250 жилийн өмнө тэр үеийн нутгийн эрх баригчид бидний өвөг дээдсийн суурьших нутгийг зааж өгсөн байна. Түүнээс хойш бидний өвөг дээдсийн үр удмынхан энд амьдран сууж мал аж ахуй эрхлэн, соёлоо хөгжүүлэн өөрийн хэлээ хадгалан үлдэж чадсан ажээ.
...Бүүр 17-р зууны 30-аад оны үед манай өвөг дээдэс анх амьдарч байсан газраасаа барга нарын хамнигад гэж нэрлэдэг эвенкүүдийн хамт нүүж ирсэн бөгөөд тэд нь өөрсдийгөө “эбэнхэ” гэж нэрлэдэг байсан гэж одоо ч Баргууд яридаг байна.
Барга нарын Баргажин төхөмөөс нүүсэн тухай дараах домог яриа байдаг. Урд нь байгаагүй цагаан хус ургаж эхэлсэн ба чандага бий болсон учраас баргууд энэхүү нутгийг өөр хаан захирахыг урьдчилан мэдэрч түүнд захирагдахгүйн тулд ургах нарны зүгт тохиолдох өөр нутаг хайн нүүхээр шийджээ.
Цаг хувилж
Цагаан мод ургав.
Цагаан ямаа гүйв.
Наран гарах зүгт
Монгол рүү нүүх
Цаг бидэнд ирэв.
“Цыбиковын уншлага” гэдэг эрдэм шинжилгээний бага хурлын материалд нийтлэгдсэн “Барга ба баргууд” гэсэн өгүүлэлд Улаан-үд, 1998, БШУТ”
...Д.Д.Нимаев ”Байгаль орчмын баргуудын өнгөрсөн түүхүүдийн зарим баримтад үндэслэн ойлгож болох байна. Жишээлбэл: хуучин баргуудын бөөгийн дуудлагад Ойхон, Бархан (Ольхон) зэрэг газруудын эзэд, сүнсүүдэд хандсан зүйлс байдаг. Мөн тэр эмээлийнхээ бүүргийг хойш нь буюу өөрсдийнхөө уугуул нутаг руу харуулж тавьдаг сонин заншил байна.” гэж бичсэн байдаг...
Орос хэлнээс орчуулсан: Ухаасай Б.Чимэдцэрэн
Share:

0 commentaires:

Enregistrer un commentaire

Translate

hicheel

Blogger templates