jeudi 17 août 2017

Өвөрмонголоо нэгтгэх шахсан таван замын байлдаан

Нэгэн газрын зураг үлджээ. 1840-өөд онд Хар тамхины дайн гэж Хятадад болов. Өрнө дахины найман улс Манж Чин улстай наймаа арилжаа хийхийн тулд хийсэн дайн. Тэдний дунд бидний мөнхийн хөрш Оросууд ч байлаа. Эцэж туйлдсан Бээжингээс тэд хүссэн бүхнээ авав.Оросууд харин манж нарын хэрэглэж байсан Монголын газрын зургийг тэр даруйд нь орос хэл рүү орчуулан хэрэглэж эхэлсэн нь энэ. Орос Хятадын завсар орших Халх улс. Бүхий л өртөө, зам, худаг, аян жингийн зам.Манж нар ч газрын зураг бүтээх ухаанаараа европчуудаас дутуугүй байсан төдийгүй бидний нэрийг нь хааяа нэг цухасхан дурддаг Цахарын Хөвөөт цагаан хошууны алдарт математикч Ш.Мянгат энэхүү газрын зургийг хийх ажлыг удирдан хийсэн байдаг.Үнэндээ энэхүү газрын зургийг 1845 онд Орос хэл рүү орчуулж байх үед Өвөр Монгол гэсэн нэр томьёо байсангүй. Цагаан хэрмээр Хятадтай хиллэж, Байгаль нуурт тулсан энэ газар нутгийн хэмжээ багцаагаар 2.7 сая хавтгай дөрвөлжин км нутаг шүү. Өнөөгийн Монгол Улсын 1.5 сая кв км нутгийг хасвал мөн өнөөгийн ӨМӨЗО-ы 1.2 сая хавтгай дөрвөлжин км нутаг үлдэнэ. Ингээд энэхүү газрын зураг бүтээгдсэнээс 66 жилийн дараа Халхын Богд Жавзандамба хутагт 640 жилийн дараа дэлхийн газрын зураг дээр Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарлах нь тэр. 1911 оны 12-р сарын 29-ий өдөр морин цагт бүх монголчууд Их хүрээний зүг Амьд бурхан Богд Жавзандамба хутагтын эдүгээ музей болсон Ногоон ордон буюу Шэйравпэлжээлэн хийдийн зүг харж, 11 цаг 40 минутад 3 удаа сөгдөж, 9 удаа мөргөх нь тэр.Энэ үед түүний мэдэлд 2500 орчим сүм хийд, 200 000 орчим лам хувраг, нийт монголчууд 100 хувь хүлээн зөвшөөрч ийн мөргөсөн гэвэл тусгаар тогтнолыг маш нэгдэлтэйгээр тунхаглан зарласан нь энэ.Энэ өдөр идэр есийн хүйтэн тачигнаж, эрчилсэн хуй салхитай, цасаар шуурсан таагүй өдөр байсан ч Богдын ногоон ордноос Богд хааныг төрийн шар ордонд залах ёслол болж, энэхүү түүхэн үйл явдлыг гэрэл зургийн хальсанд буулгахыг оролдсон бүх фото камер ажиллаагүй буюу нэг ч зураг үлдээгүйг бодоход онцгой хүйтэн өдөр байсан ч монголчууд бидэнд тийм баяр жаргалтай өдөр өнөө хир дахиж тохиолдоогүй л байна.Харин энэхүү явдлыг төслүүлсэн нэг уран зургийг одоогоос 3 жилийн өмнө зураач Ц.Батжаргал зурсан билээ.Мөргөж сөгдсөн төдийгөөр амар амгалан тогтсонгүй ээ. Шинэ тулгар Монгол Улсын хамгийн анхны шийдвэрүүдийн нэг бол Баруун хязгаарыг тохинуулах байлаа.Энэ үед большевик хувьсгалын хуй салхи буюу коммунизмийн сүүдэр баруун хойноос хүчтэй нэрвэж байлаа. Энэхүү Ховдын хязгаарыг чөлөөлөх дайн амжилттай дууссаны дараа Горлос, Харчин, Хорчин хошуудад амьдарч байгаа монголчууд Богд хаанд ирж, өөрсдийн учир байдлаа илтгэжээ. Ховдын хязгаарыг чөлөөлсний дараа монголчуудын тусгаар тогтносон улс болсон итгэл үнэмшил туйлын ихээр бадарчээ.Тэд нум сум, цахиур буугаа аван цэрэгт мордоцгоолоо. Хэдийнээс баян тансаг зүүн монголчууд ч маш их мөнгө хөрөнгө хандивлалаа. Ингээд 1913 оны 5-р сард Богд хаан зарлиг гаргав. Гаргах болсон шалтгаан нь ч тов тодорхой. Түмэн газрын их Цагаан хэрмийн таван хаалгаар Богд Хаант Монгол улсын дараа байгуулагдсан Дундад иргэн улс цэрэг хөдөлгөжээ. Харин тэднийг угтуулан нэгдмэл нэгэн хүч болгохоос сэргийлж, Богд хаан зарлиг гаргажээ.Тус зарлигт :"Номхон шударга иргэнийг үл хөндөн, хятад бус манж овгийн түшмэл цэрэгтэй харилцан найрамдахыг чухал болгож, Монголын хязгаарт хүрсний хойно /цагаан хэрэм/ бусад нутгийг тэмцэхгүй, захыг батлан сахиж, харьяат олон монголчуудаа бүрэн бүтэн болготугай..." хэмээн гарчиглажээ.Манай Монголын түүхчид 2012 онд хуралдаж, энэхүү үйл явдлыг "дайн", "байлдаан", "тулалдаан", "мөргөлдөөн", "үймээн" гэж үзэх үү? хэмээн олон талаас нь дүгнэн хэлэлцсэн ч өнөөг хүртэл нэгдмэл нэг ойлголтод хүрч чадаагүй л байна,
Монголын хамгийн сүүлчийн албан ёсны түүх болох таван боть Монгол Улсын түүхэнд бол энэ тухай ганцхан өгүүлбэр л үлджээ. Хил хязгаараа батлан сахихын төлөө хэдэн арван монголчуудын хийсэн энэ тэмцлийг зөвхөн "байлдаан" хэмээн нэрлэх нь бол дэндүү даруухан хэрэг юм.Ер нь яагаад ийм чухал түүхийн тухай өдий төдий баримт байсаар байтал, нүдээ аниж, чихээ бөглөөд ийм цөөхөн үгээр бичиж үлдээх болсон нь нь ч ойлгомжтой. Харин одоо цаг наашилж, цас ханзарч, үнэн мөн ялгарч шалгарсан цагт бидэнд энэ түүхийг дахин бичих, дахин сөхөх үндэсний эрх ашиг өндийж боссоор байгаа гэдгийг эрхэм түүхчдэд дуулгая.Мэдээж хэрэг энэ ариун дайны үр дүн нь юу байв. Эерэг сөрөг маш олон үр дагавартай байлаа. Чухамдаа 5 замын байлдааны ялалтын үр дүнд өнөөгийн Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтжээ. Мөн 1915 онд болсон гурван улсын гэрээгээр өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хүлээн зөвшөөрөгдснөөр Ар монгол, Өвөр монгол гэсэн нэр томъёо үүсчээ.Мөн энэ гэрээний үр дүнгээс болоод Монголын тусгаар тогтнолыг зөвхөн Ар Монголын газар нутгийн хэмжээгээр хүлээн зөвшөөрүүлж улс төр хийгч бүлэг, нийт монгол нутгийн хэмжээгээр хүлээн зөвшөөрүүлж улс төр хийгч гэсэн хоёр бүлэгт ч хуваажээ. Одоо 2015 он гарч байна.Гурван улсын гэрээний 100 жилийн ой болно. Ердөө өнгөрсөн жил энэхүү гэрээний тухай хурал хийхийг санаачилсан гурван өвөр монгол залууг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн шалтгаанаар Тагнуулын ерөнхий газар Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргаад байгаа.Таван замын байлдааны үр дүн юу байв? Өвөр монголчууд одоо хүртэл энэ үйл явдлыг "Богдын шар цэрэг ирж чөлөөлсөн" хэмээн өвөр зуураа ярьдаг. Хятадын албан ёсны түүхэнд "Үхэр жилийн үймээн" гэдэг. Энэ дайнд оролцсон эрэлхэг 100 орчим баатруудыг тодруулсны 80 орчим нь өвөр монголчууд байлаа. Тэд одоогийн Өвөр Монголын нутгийн 85 орчим хувийг хяналтдаа авч, Долоннуур хүрээд зогсжээ.Богд хааны мордуулсан 10 000 цэрэг 5 чиглэлд 2000, 2000-аар ерөнхийдөө хуваагдан их бага 100 орчим тулалдаан хийжээ. Аливаа дайнд байдаг ялах ялагдах тохиолдол тэдэнд ч бас тохиолдсон. Гэхдээ л Богд хааны зарлигийг үндсэнд нь биелүүлжээ. Харин Богд хаан таалал барьж, МАН-ынхан төр барьсан цагаас хойш өнөөг хүртэл энэхүү дайны үр дагавар түүхэн сургамжийг аль болох дарахыг хичээж ирэв.Таван замын байлдаан бол "тавхан" замын байлдаан биш байлаа. Энэ бол ариун дайн. Эзэн Богдоос үлдсэн цөөхөн хэдэн монголчуудын сүүлчийн хил хязгаараа батлан хамгаалах гэсэн ариун дайн байлаа.Хамгийн сүүлд бидний бахархан ярьдаг ардын журамт цэргүүд энэхүү дайнд биеэрээ оролцож цусаа урсгаж явсан хамгийн сүүлчийн отрядыг 1923 онд Монголын хилээр хөөн гаргаснаар Богд хаанд үнэнч явсан өвөр монголчуудын тэмцэл мөхжээ. Энэ дайны баатар Хичээнгүй баатар Найданжав Монголын хил дээр хөөгдөж гараад "Монгол хүн монгол хүнрүүгээ буу шагайх учиргүй тул аргагүйдэж явлаа" гэж хэлээд 1940 он хүртэл Богдын зарлигт үнэнч явсаар төгсжээ. Ийм л гашуун түүх юм.Монголын гал голомтыг сэргээн мандуулах гэсэн монгол хэлтэн, монгол соёлтон, монгол туургатан нийт ард түмний хүсэл зориг байлаа. Энэхүү үзэл бодлын төлөө өнөөдөр ч гэсэн бидний халуун зүрх цээжний цаана цохилсоор байгаа билээ.Судлаач Г.Ням-Очир (copy)
Share:

Translate

hicheel

Blogger templates