lundi 11 janvier 2016

Хонь тойглох - ”Тойг”


Монгол ухаанаас ивлэсэн ”Тойг”




       Монголчуудын амьдрал таван хошуу малтайгаа хүйн холбоотой. Тийм ч учраас малаа үржүүлж өсгөхийг ихэд дээдэлдэг. “Төлөөр баяждаг” гэсэн ардын цэцэн үг ч бий. Үүний нэг бол төл тосох ажил болно.
      “Хүлэг болгон жороогүй” гэдгээр төл тосох, мал төллөх үед хонь хургаа голж хөхүүлэхгүй байх тохиолдол олонтаа гардаг. Тухайлбал, зарим нь хөдөө хээр төллөөд таньж байсан ч малчид төлийг нь уутлан авчраад малын хашаанд тавьж,  хонь хургалсны дараа хургыг эхээр нь долоолгоогүй буюу хурганы биед өөр ямар нэгэн онцгой үнэр шингэсэн зэргээс болж хонь хургаа голдог. Заримдаа нас гүйцээгүй төллөсөн хонь голомхой байдаг билээ. Төлөө голох байдал гармагц малчид түүнд тохиромжтой арга хэмжээг авна. Жишээлбэл, гологдсон хургыг эхтэй нь хамт хашаанд хашиж орхих, эхийнх нь сүүг гологдсон хурганы бие дээр цацаж үнэртүүлэх, гологдсон хурганы сүүлэнд шүү /хужир шүү/ түрхэж эхээр нь долоолгох, эхийг нь хүзүүдэж байгаад хургыг нь хөхүүлэх зэрэг аргуудыг хэрэглэдэг. Үүний зэрэгцээ уян зөөлөн аялгуугаар “Тойгийн дуу”-г дуулдаг.
Төлөө голсон хонинд:
Хундан цагаан хонь минь
Хураагаа юунд голоо вэ?
Сүүний чинь үнэр
Сүүлэнд нь байна шүү дээ
Хос ! Хос ! Хос
Хаврын цаг боллоо доо
Хажуугийн цас ханзарна даа
Хавсарга салхи гарна даа
Хажууд чинь юу хэвтэх вэ дээ!
Тойг! Тойг! Тойг!
Урин цаг ирнэ дээ
Уулын ногоо ургана даа
Уураг сүү чинь чинэнэ дээ
Урдаас чинь юу чинь угтах вэ?
Тойг! Тойг! Тойг!
Дэлгэр зун болно доо
Дэлхийн ногоо ургана даа
Дэлэн хөх чинь чинэнэ дээ
Түүнийг чинь юу хөхнөв дээ!
Тойг! Тойг! Тойг!
Эхний бадгийн “Хос” гэж байгаа нь эх төл хос болтугай гэж дахин дахин дуудаж байна. Хонь хургаа хөхүүлэхгүй дэвхрэх үед “Хос” гэж ярьдаг.
Бусад хувилбарт:
Ангир шувуу ирэхэд
Ардаа юугаа дагуулах вэ
Аяган чинээ дэлэнг чинь
Арын шувуу хөхөх үү?
Тойг! Тойг! Тойг!
Тогоруу шувуу ирэхэд
Ардаа юу дагуулах вэ?
Тогоон чинээ дэлэнг чинь
Тоодог шувуу хөхөх үү?
Тойг! Тойг! Тойг!
Энэ мэтээр эх хонинд хургаа хөхүүлэхийг ятган тойглодог. Доорх мэт эх хонийг сануулах дуу ч бий:
Жигүүртэн шувуу ч болсон
Хүүгээ дагуулдаг
Чиний хүү биш юм уу?
Чи юугаа дагуулах гээв?
Пай, пай!
Тайгуу! Тайгуу!
 “Тайгуу” гэдэг нь тойг гэсэн үгийн адил бөгөөд нутгийн аялгуу юм. Хонинд бол “Тойг, тойг”, ямаанд бол “Чайг, чайг” гэх нь олонтаа байдаг. Эдгээр нь бүх монгол нутагт нийтээр тархаж байгаа “Тойгийн дуу” болно.
 “Газар газрын зан, гүзээ гүзээний булан” гэдгээр зарим нутгаар жаахан ялгаатай байдаг. Улаанхадын Ар Хорчин хошууны Сайхантал сумын Оюумаа гэгч малчин “ Тойгийн дуу”-даа:
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Зусаг дээрээ төрөөд чи
Зулзага төлөө голочих вуу!
Жаахан төл чинь өлбөрлөө шүү
Зүрх сэтгэлдээ бодоорой!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Монгол хүний мал байж
Мунхаг загнах чинь юу вэ?
Малчин хүний мал байж
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Энэ биеийн чинь төл шүү
Эгдүүтэй бүү загнаарай
Эх нь болсон мал шүү чи
Энэрч санаад аваарай!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Өргөн талдаа бэлчвэл
Үнэт эрдэнэ адил шүү
Үр төлөө саначихвал
Үржилт сүргийнхээ чимэг шүү!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
*** *** ***
Өөр нэгэн хувилбарт:
Урьхан хавар болсон шүү
Урьхан цас хайлсан шүү
Ууртай халзан зусаг минь
Ууган хургаа аваарай
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Хаврын дулаан болсон шүү
Хайлын цас хайлсан шүү
Хар халзан зусаг минь
Хайртай хургаа аваарай
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Ойрд монголчууд:
Дэлэнгүй шувуу
Дэгдээхийгээ дагуулахад
Дэлэнтэй чи
Юугаа юугаа дагуулах вэ?
Тойг! Тойг! Тойг! Тойг …
Гологдсон хургыг ингэж эхэд нь авуулахаар барахгүй эх үхсэн өнчин хургыг бас хайдаг хонь, сүү сайтай хонинд эдгээр аргаар даллан хөхүүлж авуулдаг. Ялангуяа үхсэн хурганы арьс нөмрүүлж байгаад үхсэн хурганы эхэд үнэртүүлэн хөхүүлбэл их амархан эндүүрэн авч хөхүүлдэг.
Хонь тойглох бол монголчуудын өнө удаан жил хуримтлуулсан бусад үндэстэн угсаатнаас ялгагдах мал маллах соёлын зан үйл онцлогийг ил тод харуулсан нэгэн зүйлийн ажиллагаа болно.

Эх сурвалж:

Солонго Мэдээллийн төв

Share:

0 commentaires:

Enregistrer un commentaire