lundi 11 janvier 2016

Барга монголчуудын “Адуу тамгалах” ёсон

Барга монголчуудын “Адуу тамгалах” ёсон
Барга монголчууд урд удаан нүүдэл, мал аж ахуйн амьдралдаа таван хошуу малын ашиг шимийг хүртэж, ялангуяа идэж өмсөхөөс явж суух, нүүдэллэн буухаас дайн байлдаан хүртэл адууг өргөн хэмжээтэй хэрэглэн ашиглаж “Адуу тамгалах” боловсон соёлыг үүдээсэн байдаг.
Малчин хүн тамгаараа өөрийн адуу малаа бусдын адуу малаас ялгах гар тэмдэг болгодог. Малчид хэдийгээр өөрийн хямгадан арчилсан мал сүргээ өнгө зүс,  онцлог шинжээр нь ялган таньж бүртгэдэг боловч алдаж гээгдсэн буюу бусдын сүрэгт нийлсэн малаа таньж авахдаа тамгаар нь хуулийн гэрч болгодог. Тиймээс “Алтан биед аман гэрч, адуу малд тамга гэрч” гэдэг. Тамга нь хуулиар батлах гэрч баримт болдгоор үл барам малын энх мэндийг ивээх, өнөр өсөхийг соёрхох ид шидтэй бэлгэ тэмдэг гэж үздэг.
Хамааралтай түүхийн бичиг баримтыг үндэслэвэл, мал аж ахуйн үүслийн голомт болсон төв Ази Монголын өндөрлөг дэх нүүдэлчин аймгууд бол малын тамгын соёлыг үүдэн бүтээгчид мөн. Малын тамгын соёлын үүссэн цаг нь маш эрт юм. Монгол угсаатны дээдэс эхлэлийн үеэс малдаа тамга хэрэглэж байжээ. Тэр үед нар, сар, галыг шүтэж биширдгээс адуу малын тамгын соёлд илэрч байгаа наран тамга, саран тамга, гал тамга нь маш балар эртнээсирэлттэй гэдгийг харуулж бий. Мал унааны тамгын соёлын эх сурвалж нь эхчлэлийн үеэс ул мөр нь нэмэгдэж эцэгчлэлийн үеэс хадны зураг буюу баатрын туульд тусгагдах болжээ. Мал унааны тамгын соёл түүх сударт тэмдэглэгдсэн баримт нь ч гээд одоогоос 4000-5000 жилийн түүхтэй болжээ. Одоо илрүүлснээр бол Мунь уулын хадны зураг, Урадын хадны зураг, Халхын хадны зурагт наран тамга, саран тамга, номин тамга, суман тамга, алхан тамга, хас тамга, өлзий тамга гэх мэт адуу малын тамгын олон хэлбэр зурагдаж үлджээ.
Баргуучууд адууг хоёр гурван настайд нь хавар намрын улиралд тамгалж голдуу хаврын улиралд тамгална. Хаврын улиралд үс гуужихаас нь өмнө тамгалбал шинэ үс ургасан ч тамга нь тод илэрч үс нь гуужсан хойно тамгалбал бүдэг болдог. Мал унааны тамга эхэндээ хүрлээр цутгаж байснаа сүүлдээ төмрөө үйлдэх болж их бага хоёр хэлбэртэй болжээ. Их тамгыг адуу тэмээнд хэрэглэж, бага тамгыг голдуу үхэр, ямаанд хэрэглэдэг. Адуу тамгалахад нэгдэх тамгыг заавал гэрийн эзэн өөрөө дарах буюу айл усандаа хүндтэй, адуу малд хайртай настныг урьж даруулдаг. Адуунд тамга дарахдаа тамгалах газрын үсийг хайчлах буюу усаар норгосны дараа халуун тамгаа эв тохитой дардаг. Тамгыг аргалын галаар халааж хэд улайсгахгүй байдаг. Тамгалахад хэт дарвал мах нь түлэгдэж дутуу дарвал бүдэг гарах тул тохиромжтой дарахыг маш хичээдэг. Адууны гуяа ташаанаас өөр газар тамгалдаггүй. Учир нь адуу бол ганган сайхан амьтан болохоор тэмээтэй адилхан хацар дээр нь тамгалбал харахад муухай сүр жавхаа нь дарагддаг. Хүүхдүүд тамганы дээгүүр алхаж гарахыг онцгой цээрлэж унаа мал тамгалах үедээ тамганы толгойг доош хандуулан авч явахыг цээрлэдэг, мөн малын тамгаар газар тамгалбал мал хорогдоно гэж цээрлэдэг. Худалдах адууны дэл хялгаснаас авч ишинд нь уяад малынхаа хишиг буяныг тамгадаа хурааж хадгалж байна гэдэг заншил бий. Хамгийн сүүлийн адуугаа тамгалахдаа “Тамгалсан адуу минь тал бүрхэж, тэмдэглэсэн адуу минь тэнгэрийн одон шиг үржээрэй!” гэж ерөөдөг юм.
Share:

0 commentaires:

Enregistrer un commentaire