lundi 11 janvier 2016

Хөлөнбуйр

                                                                    Хөлөнбуйр

2001 онд БНХАУ-ын засгийн газар Хөлөнбуйр аймгийг Хөлөнбуйр хот болгов.
Мөн Хайлаар хотыг Хайлаар дүүрэг болгов. Хөлөнбуйр хот нь ӨМӨЗО-ны зүүн хойд талд байрлаж, өмнө талаараа Хянган аймаг, зүүн ба зуун хойгуураа Хармөрөн мужтай хиллэж, хойд ба баруун хойд хэсгээрээ Орос улстай, баруун ба баруун өмнө талаараа Монгол Улстай 1723 км хилийн шугамаар холбогдож байгаа (Зүүнээс баруун тийш 630 км, өмнөөс умар 700 км, ерөнхий талбай 263,953 км квадрат, Өвөр Монголын нийт газар нутгийн 21.4 хувийг эзэлнэ) юм.
Хөлөнбуйр хотод Монгол, Дагуур, Эвенк, Орчон, Хятад, Хотон, Солонгос, Орос зэрэг 32 үндэстэн аж төрөн сууршин амьдардаг. Эдгээр үндэстэн өөр өөрийнхөө соёлын өв уламжлал, амьдралын зан заншлаа уламжлан хадгалсаар байгаа юм. Хөлөнбуйрын Монгол үндэстэнд Барга, Өөлд, Буриадаас гадна өөр аймгаас нүүж ирсэн Монгол ястнууд багтана. Баргууд голдуу Хуучин Барга Хошуу, Шинэ Барга Зүүн Хошуу, Шинэ Барга Баруун Хошуугаар амьдардаг ба Өөлд, Буриад хоёр нь Эвенк хошуунд аж төрдөг. Эвенк Үндэстний Өөртөө Засах Хошуу нь Эвенк үндэстний төвлөрөн суурьшсан гол газар нутаг болно.     
Эвенк гэдэг нь эвенк хэлтэй, ойт уулын хүмүүс гэсэн утгатай. Тус хошуунд бас Буриад, Өөлдөөс гадна Дагуур үндэстэн бий. Эвенк хэл нь Алтай язгуурын хэлний төрөлд багтах тунгус хэлт үндэстний умард хэлний салбарт багтдаг. Бичиг үсгийн хувьд тэд хятад буюу монгол үсэг хэрэглэж байна.
Орчон Үндэстний Өөртөө Засах Хошуу бол Орчон үндэстэн төвлөрөн сууршсан гол газар юм. Орчон гэдэг үг нь орчон хэлнээ уул, давааны хүмүүс буюу цаа бугыг аж ахуйдаа хэрэглэдэг хүмүүс гэсэн утгатай юм байна. Үг хэл нь Эвенк хэлтэй маш ойролцоо ч өөрийн бичиг үсэггүй болохоор хятад үсгийг хэрэглэж байна. Дагуур үндэстний хамгийн их төвлөрсөн газар нь Морин давааны Дагуур Үндэстний Өөртөө Засах Хошуу болно. Эвенк Үндэстний Өөртөө Засах Хошуунд ч Дагуур үндэстэн байдаг. Дагуур үндэстэн бол алтай язгуурын Монгол хэлтэн боловч бичиг үсэггүй учир монгол буюу хятад үсэг хэрэглэдэг. Хөлөнбуйр хотын захиргаа нь Хайлаарт байрлана. Хайлаар хот нь Хөлөнбуйр хотын улс төр, эдийн засаг, соёлын төв болж, Хөлөнбуйрын тал нутгийн төв өрцөд байрлаж, Талын сувд хэмээгддэг.
Хөлөнбуйрын аялал жуулчлал Хятад даяар нэртэй
Өвөр Монголын Хөлөнбуйр хот нь түүх соёл, зан заншил, экологи жуулчлалын баялагтай Хятадын хамгийн үзэсгэлэнт тал нутаг юм. 2008-2012 оны хооронд хотын аялал жуулчлалын салбар нь “Үзэсгэлэнт хөгжил, шинжлэх ухаанч хөгжил, хамтын хөгжил” хэмээх хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, ӨЗО болон Хөлөнбуйр хотын намын хороо засгийн газрын ажил хэргийг нарийн зохицуулж, сэтгэл нэгдэн урагш ахиулснаар “Арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөний хугацаа”-ны аялал жуулчлалын үргэлжилсэн түргэн хөгжлийг биелүүлж мөн “Арван хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний хугацаа”-ны хөгжлийн эхлэлийг нээсэн юм.
Хөлөнбуйр хот нь аялал жуулчлалын баялагтаа түшиж Хайлар, Манжуур хоёр том аялал жуулчлалын хотоор төв болгож, Хайлар-Өргөнөө-Манжуур боомт дагуу зан заншил хийгээд өнгө үзэмж хосолсон аялал жуулчлалын бүс, Эвенк-Хуучин Барга хошуу-Шинэ Барга зүүн хошуу-Шинэ Барга баруун хошуу дагуу тал нутгийн үзэмжийн бүс, Хайлар-Якаши-Манжуур дагуу мөнгөн өвлийн үзэсгэлэнт бүс зэрэг гурван том аялал жуулчлалын бүсийг байгуулсан байна. Мөн Залан-Айл-Якаши-Хайлар-Манжуур дагуу “Дунд зүүн бүсийн төмөр зам дагуу аялал жуулчлалын бүс”, Орчон-Гэгээнгол-Өргөнөө дагуу “Умард өргөргийн 50 градус дахь аялал жуулчлалын бүс”, Шинэ Барга зүүн хошуу-Шинэ Барга баруун хошуу-Манжуур-Өргөнөө дагуу “Хятад, Орос, Монголын хил дагуу аялал жуулчлалын бүс”, Эвенк-Хайлар-Хуучин Барга хошуу-Өргөнөө-Гэгээнгол-Мэргэлгол дагуу “Талыг туулан их хянган давааг давах Хятадын умард туйлын аялал жуулчлалын бүс” зэргийг байгуулж, их хянган давааны баруун, зүүн талын ойн бүс хийгээд мал аж ахуйн орон, хилийн боомт хийгээд хот балгасны аялал жуулчлалын баялгийг бүтэмжтэй холбож, аялал жуулчлалын сүлжээ зам шугамыг бүрдүүлсэн байна. Ялангуяа өвлийн улиралд аялал жуулчлалын баялгийг хөгжүүлэн ашигласан байна. Жишээ нь Якашийн Фэнгуань цанын бааз, Залан-Айлын Алтан луут уулны цанын бааз, жил бүр Хайларт зохиогддог өвлийн усанд шумбалтын тэмцээн, хуучин Барга хошуу болон Эвенк хошууны мөнгөн өвлийн наадам, машины уралдаан, Манжуур хотын цас мөсөн баримал зэрэг багтана.

Эх сурвалж:Солонго Мэдээллийн төв

Share:

0 commentaires:

Enregistrer un commentaire