lundi 11 janvier 2016

2016 онд дэлхийд болох чухал үйл явдлууд

2016 онд дэлхийд болох чухал үйл явдлууд

Айлчлан ирсэн 2016 онд ач холбогдол нь урт удаан хугацааны өнгийг тодорхойлох боломжтой чухал үйл явдлууд шил шилээ даран болж өнгөрөх нь.

Зуны олимп анх удаа Өмнөд Америкт болно
Зуны XXXI олимпийн наадам Бразилийн нийслэл Рио де Жанейрод наймдугаар сарын 5-21-нд болно. Энэ удаад 33 төрлийн 306 багц медалийн төлөө дэлхийн шилдгүүд өрсөлдөх юм. Анх удаа Өмнөд Америкт болох олимпийн наадмын хөтөлбөрт регби-7, гольфийн төрлүүд анх удаа багтжээ. Тус олимпод 205 орны 800 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Монгол Улсын баг тамирчид одоогийн байдлаар олимпийн 11 эрх хүртээд байгаа. Монголын баг тамирчдаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 2015 оны дөрөвдүгээр сард болсон буудлага спортын Дэлхийн цомын 25 метрийн дасгалд түрүүлснээр эх орондоо олимпийн анхны эрхийг авчирч байв. Түүний араас чөлөөт бөхийн төрөлд зургаа, буудлага спортын төрөлд гурав, байт харваа, хөнгөн атлетикийн төрөлд тус бүр нэг эрх хүртсэн. Монголын үндэсний шигшээ баг “Рио-2016” зуны олимпийн наадамд 30 тамирчинтай оролцож, нийт зургаан медаль хүртэх зорилттой ажиллаж байна.  
Олимпийн эрх олгох тэмцээн Монголд анх удаа
Чөлөөт бөхийн олимпийн наадмын эрх олгох олон улсын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд ирэх дөрөвдүгээр сарын 22-25-нд болно. Тус тэмцээнд жин тус бүртээ эхний гурван байрт шалгарсан эрэгтэй, эхний хоёр байрт шалгарсан эмэгтэйчүүд “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрх хүртэнэ. Манай улсад олимпийн эрх олгох тэмцээн анх удаа болж буй нь энэ юм. Тиймээс олимпийн эрх хүртэж чадаагүй гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, О.Бурмаа, ОУХМ О.Үйтүмэн, Д.Гомбодорж, Э.Ням-Очир, Б.Номин нарын шилдэг тамирчид энэхүү алтан боломжийг “чулуу болгох”-ын төлөө тус тэмцээнд бүх хүчээ шавхан өрсөлдөх нь лавтай. Манай чөлөөтийнхнөөс одоогийн байдлаар эрэгтэйчүүд дөрөв, эмэгтэйчүүд хоёр жинд олимпийн эрх өвөртлөөд байгаа юм. 
Энэ жилийн баяр наадамд 1024 бөх барилдана
Энэ онд  Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн тэгш ой тохиож байна. Тиймээс энэ жилийн Үндэсний их баяр наадмыг нэлээд өргөн хүрээнд тэмдэглэх юм. Тухайлбал, 1024 бөх барилдуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болсон Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдааны үеэр хэлсэн юм. Тэрээр “Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ойг ирэх жил тэмдэглэнэ. Энэ ойн арав арван жил дээр 1024 бөхөө барилдуулж наадмаа хийдэг. Ирэх жил бөхийн хорхойтнууд, бөхчүүд, бөх сонирхогчдын сайхан наадам болно гэж бодож байна” гэсэн юм. 1024 бөх барилдсан түүх гурав бий. Тухайлбал, 2001 онд Ардын хувьсгалын  80,  2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85, 2011 онд Ардын хувсгалын  90 жилийн ойн наадмаар тус бүр 1024 бөх барилдуулснаас дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумьяабазар, С.Мөнхбат нар түрүүлж байв. 
“Улс төрийн олимп” Монголд
2014 онд Италийн нийслэл Милан хотод болсон Ази Европын дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-ын үеэр дараагийн уулзалтыг Монгол Улс зохион байгуулахаар болсон билээ. Үүний дагуу манай улс “улс төрийн олимп” гэгддэг АСЕМ-ын 11 дэх уулзалтыг ирэх долдугаар сарын 14-15-нд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү арга хэмжээнд оролцохоор АСЕМ-ын гишүүн 53 орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд цуглаж, Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд орох юм. Ази Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бүтэц юм. АСЕМ-ын бүрэлдэхүүнд Европын холбооны гишүүн 27, Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН)-ны гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казахстан, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Хорват, Швейцар, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон зэрэг улс орнууд багтдаг юм. 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах батламжийг гардан авах үерээрээ “Ази, Европын орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг хүлээн авлаа. Энэ бол Монголын нэр хүнд олон улсын хэмжээнд өндөрт хүрснийг харуулж байна. Энд монгол хүн бүрийн оруулсан хувь нэмэр асар их байгаа. Спортын том арга хэмжээ зохион байгуулах эрх авч байгаатай адил. Өөр бас нэг чухал зүйл нь АСЕМ гэдэг байгууллага байгуулагдсаны 20 жилийн ой 2016 онд болно. Ази, Европын төр засгийн удирдагчид 20 жилийн хамтын ажиллагаагаа Монголд очиж дүгнэнэ. Энэ нь Монголоос АСЕМ-ын үйл ажиллагааны шинэ эрин эхэлнэ гэсэн үг. Бидний хичээл зүтгэлийг  53 орны удирдагч өндрөөр үнэллээ. Нэрээ бодож, эв эеэ хичээж, энэ том арга хэмжээг нэр төртэй зохион байгуулахын төлөө хамтран ажиллая” гэсэн юм.
УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль зэрэг болно
Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дагуу ирэх зургадугаар сард анх удаа УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулна. 2012 онд анх удаа нийслэлийн ИТХ-ын сонгууль УИХ-ынхтай хамт явагдаж байсан бол энэ удаад аймгийн ИТХ-ын сонгууль нэмэгдлээ. Ингэснээр иргэд төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-ын гишүүд болон харьяа аймаг, нийслэлийнхээ Иргэдийн хурлын төлөөлөгчдөө нэгэн зэрэг сонгох юм. УИХ-ын сонгууль 48:28 гэсэн холимог тогтолцоогоор явагдах бол аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид нь зөвхөн мажоритар тогтолцооны дагуу өрсөлдөх юм.   
Сири: Шилжилтийн үе 
Сирийн нөхцөл байдлыг нэг тийш нь шийдэх хамгийн чухал үйл явдлууд энэ онд болно. Тус улсад үүссэн иргэний дайн, улс төрийн хямралыг  зохицуулахаар хэлэлцээр хийж байгаа НҮБ, АНУ, ОХУ, Герман, Франц, Их Британи, Саудын Араб, Турк, Иран, бүс нутгийн бусад улс орныг багтаасан “Венийн групп” ингэж үзэж байна. Эдний дунд Б.Асадын дэглэмийг дэмждэг нь ч бий, сөрөг хүчнийг турхирч, иргэний дайн дэгдэхэд хүргэсэн гэмтнүүд ч бий. Хамгийн гол нь тэд аль нэгнийх нь эрх ашгийг 100 хувь хангана гэж зүтгэлгүй алтан дунджийг олж гэмээнэ  Сирийн асуудал эмх цэгцэндээ орох боломж бий. 
Тус улс шинэ үндсэн хуулиа баталж, ардчилсан зарчмаар сонгууль явуулах хүртэл “шилжилтийн үе” нь 1.5 жил байна гэж ОХУ үзэж байгаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн сарын 18-19-нд шилжих шөнө дээрх хугацаанд хямралыг зохицуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байгаа. Ингэснээр Б.Асад болон сөрөг хүчин нэгдэх асуудалдаа нэгдэж, үндэсний эв нэгдлээ хангахад зургаан сар, шинэ үндсэн хуулиа  баталж, сонгууль явуулах боломж бүрдүүлэхэд 18 сарын хугацаа олдож байна. Энэ 1.5 жилийг “шилжилтийн үе” гэж нэрлэж байгаа юм. Цаг гүйгээд эхэлсэн. Хэрвээ хүсэл сонирхол нь байвал Сирийн нөхцөл байдал дээрхээс ч хурдан хугацаанд тогтворжих боломж бий.  
“Эмэгтэйчүүдийн эрин” эхлэх үү
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны бүрэн эрхийн хугацаа 2016 оны сүүлээр төгсгөл болно. Ерөнхий Ассамблей, Аюулгүйн зөвлөл түүнээс өмнө шинэ тэргүүнийг тодруулах учиртай. Эх сурвалжуудын мэдээлэл, нөхцөл байдлыг аваад үзэхэд энэ жил НҮБ-ын удирдлагаар анх удаа Зүүн Европын төлөөлөгч сонгогдох магадлал бий болжээ. Тэр тусмаа анх удаа эмэгтэй хүн “дэлхийн дарга” болох бодит боломж үүссэн байна. Түүхэнд үлдэх тэрхүү азтан нь Литвын Дали Грибаускайте болон 2009 оноос ЮНЕСКО-гийн ерөнхий захирлаар ажиллаж буй Ирина Бокова, Еврокомиссын гишүүн Кристалина Георгиева гэсэн хоёр болгар бүсгүйн нэг байх магадлалтай гэнэ. 
Цагаан ордонд шинэ оршин суугч төвхнөнө
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно. Б.Обамад дахиад жил шахам хугацаа үлдээд байгаа ч АНУ-ын улс төрийн тогтолцооноос болоод сонгууль аль хэдийнэ эхэлсэн. Б.Обама дахиад сонгогдох боломжгүй учир жилийн дараа Цагаан ордон шинэ оршин суугчтай болно. Харин хэн гэдгийг нь хэлэхэд эрт байна. Нам доторхи өрсөлдөөн өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд эдүгээ 20 гаруй улстөрч өрсөлдөж байгаа юм. Шинжээчдийн таамаглаж байгаагаар бол Ардчилсан намаас 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны эхнэр Хиллари Клинтон нэр дэвших бөгөөд хамгийн өндөр рейтингтэй гэгдэж байгаа. Дэд Ерөнхийлөгч Жой Байден түүнтэй ширүүн өрсөлдөөнийг үзүүлж чадах байсан ч өөрөө нэрээ татсан билээ. Тиймээс Вермонтын сенатор Берни Сандерсаас өөр хүчтэй өрсөлдөгч үлдээгүй гэж болно. БНН-ын хувьд, өнгөрсөн сарын дундуур явуулсан санал асуулгаар тэрбумтан Дональд Трамп тэргүүлж, сенатор Марко Руио удаалж байв. Д.Трамп Мексикээс ирсэн цагаачдыг “хүчирхийлэгчид” хэмээн нэрлэж, стандарт бус аргаар сурталчилгаагаа явуулж байгаа ч үзэл баримтлалд нь сонирхолтой талууд бас байгаа юм. Тэрээр намынхаа бусад нэр дэвшигчдийн нэг адил Ардчилсан намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг ч ОХУ-ыг “АНУ-ын №1 дайсан” гэж үздэггүйгээрээ ялгагдана. Мөн М.Каддафи Ливийн төрийн эрхэнд байсан бол бүх зүйл одоогийнхоос дээр байх байсан гэсэн нь анхаарал татаад буй. 
БНН нэр дэвшигчээ ирэх долдугаар сарын 18-21-нд Кливлендэд болох их хурлаасаа сонгох бол Ардчилсан нам 25-28-нд Филадельфид хуралдаж, нэр дэвшигчээ эцсийн байдлаар тодруулна.    
Барууны орнуудын гаргасан хоригтой холбоотой хоёр шийдвэр  
АНУ, Европын холбоо Иранд  тавьсан хоригоо цуцалж, ОХУ-д тавьсан хоригоо сунгасан нь 2016 онд дэлхийн эдийн засагт тодорхой үр нөлөө үзүүлнэ. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар явагдсан цуврал хэлэлцээрийн үр дүнд АНУ тэргүүтэй барууны орнууд тус улсад тавьсан эдийн засгийн хоригоо цуцлахаар болсон билээ. Хэрвээ Тегеран тохиролцоогоо чанд дагаж мөрдөж гэмээ нь дэлхийн зах зээлд ямар ч хориггүйгээр хөл тавьж, эдийн засгийн асар их ашиг олох боломж бүрджээ. Хориг тавигдсан нь Ираны гадаад харилцаанд ч шинэ үеийг нээж байна. Тус улс ОХУ-аас зэвсэг техник худалдаж авах боломжтой болсны дээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх асуудлыг бодитойгоор хэлэлцэх нөхцөл хангагджээ. 
АНУ, Европын холбоо ОХУ хоорондоо харилцан эдийн засгийн хориг тавьсан явдал 2014 оны гол үйл явдал байсан билээ. Үүнээс болоод ОХУ худалдааны гол түншээрээ БНХАУ-ыг сонгож, Ази тивийн улсуудтай харилцах харилцаагаа идэвхижүүлэх болсон юм. Энэ нь Монголд ч ашигтай тусч, худалдааны хэлэлцээрүүд хийгдэж байгааг бид мэднэ. Тэгвэл хориг тавьснаараа хоёр тал аль аль нь хохирч байгаа гэдгээ ойлгож, улмаар хоригоо цуцлах болно гэсэн таамаглал хүчээ авч байна. Энэ таамаглал ОХУ-тай эдийн засгийн хувьд илүү ойр холбоотой Төв болон Зүүн Европын улсуудын байр сууриар баталгаажиж байгаа юм. Тэд ОХУ-тай хамтрах гол шалтгаанаа байгалийн хий, эрчим хүч гэхээс зайлсхийж, алан хядагчидтай хийх тэмцэлд хүч нийлүүлэх нь гарцаагүй учраас эдийн засгийн хоригоо цуцалчихъя гэлцэж байна. Энэ нь ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлж эхэлсэн Азийн орнуудын хувьд таатай мэдээ биш юм.

 Украин халуун цэг хэвээрээ
Украины зүүн хэсэгт болж буй иргэний дайныг энхийн замаар зохицуулах оролдлого 2015 онд амжилт олсонгүй. Киев, Донбассын салан тусгаарлагчид оны сүүлээр, орон нутгийн сонгууль явуулсныхаа дараа улс төрийн шинэчлэл хийх нааштай тохиролцоонд хүрсэн ч биелүүлж чадсангүй. “Нормандын дөрвөл” (ОХУ, Франц, Герман, Украйн)-ийн удирдагчид уулзаж байж, Донецк, Луганскт өнгөрсөн оны намар орон нутгийн сонгууль хийхээр болсон ч ирэх хавар болж хойшлоод байна. Ингэснээр гурван талын хүчин чармайлт, уулзалт хэлэл­цээрүүд 2016 онд үргэлжлэх нь тодорхой болов.  
Германы Гадаад харилцааны сайд Франк-Вальтер Штайнмайер Украины хямралыг шийдэхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үүрэг маш чухал үүрэгтэй гэж мэдэгдсэн. Энэ асуудалд гол үүрэг гүйцэтгэж буй ХБНГУ 2016 онд тус байгууллагыг даргалах нь асуудлыг шийдэхэд нэмэр болж магадгүй гэсэн найдлагыг төрүүлж байгаа юм.  
Ард нийтийн санал асуулга Молдавыг хоёр дахь Украин болохоос аврах уу
Украины араас орж магадгүй улсын тоонд Молдав ороод байгаа билээ. Тус улсад Засгийн бүх эрх мэдэл олигархиудын гарт байгаагаас гадна иргэдийнх нь амьжиргаа муудаж, хээл хахууль газар авчээ. Үүнээс үүдэн ард иргэд, эрх баригчдын хооронд “гүнзгий ангал” үүсч, цаг мөч өнгөрөх тусам улам томорсоор буй. 2014 оны сүүлчээр Молдавын гурван банкнаас хэдэн тэрбум ам.доллар сох дутсан явдал иргэдийн ирээдүйдээ итгэх итгэлийг бөхөөсөн. Тус улсын иргэд олноороо гадны өндөр хөгжилтэй орнуудад цагаачлах болсон нь үүний баталгаа юм. Зөвхөн ард иргэд ч бус, хөрөнгө оруулагчдын итгэл ч үгүй болж, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурчээ. Ерөнхий сайд асан Влад Филатын баривчилгаа, аравдугаар сарын сүүлчээр Валерий Стрельцийн Засгийн газар огцорсон зэрэг таагүй үйл явдал 2015 онд тус улсад болж өнгөрчээ. Молдавын Үндсэн хуульд зааснаар, хэрвээ гурван сар гүйцэтгэх засаглалаа байгуулж чадахгүй бол Ерөнхийлөгч парламентаа тараах эрхтэй. Ерөнхийлөгч Николае Тимофтигийн бүрэн эрхийн хугацаа ирэх хавар дуусна. Тэрээр парламентаа тараах эрхээ эдлэх юм бол Ерөнхийлөгч, Парламентын сонгууль зэрэг шахам явагдах, улс төрийн хямрал улам гүнзгийрэх хүнд нөхцөл байдал үүснэ. Гэтэл аль хэдийнэ хоёр сар өнгөрөөд байна. Баривчилгаа, огцролтын дараа Либерал ардчилсан нам, Ардчилсан намын хооронд үл ойлголцол үүссэн нь Засаг байгуулах үйл явцыг улам бэрхшээлтэй болгож буй. Молдавчууд энэ байдлаас гарах гарц нь Ерөнхийлөгчийг шууд ард түмнээс сонгох явдал гэж үзэж, энэ асуудлаар бүх нийтийн санал асуулгыг явуулахаар болоод байгаа юм. Гэхдээ тавдугаар сарын 20-ноос нааш Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй тул ирэх дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийг уламжлал ёсоор парламентаас сонгоно.   
Асуудал хууль журмын дагуу зохицуу­лагдахаас өмнө Молдавт “ямар нэг юм” гарчих вий гэдэгт Европын холбоо маш ихээр санаа зовж, “Украины хямрал нь эрх баригчид, ард түмний хооронд үүссэн үл итгэлцэл, сэтгэл дундуур байдлаас эхлэлтэй” гэдгийг сануулсаар байна.
Эх сурвалж:Ардын эрх
Share:

0 commentaires:

Enregistrer un commentaire