dimanche 3 janvier 2016

Сэнсийн тал (АВРАЛЫН ОРОН ЭРГҮНЭ ГУН)

Сэнсийн тал (АВРАЛЫН ОРОН ЭРГҮНЭ ГУН)



Он цаг улиравч тэд хийгээд тэдний үр сад тэндээ байсаар, өвөр хоорондоо гэрлэсээр үржин өсчүхүй. Төрөл бүр нь өөрийн өвөрмөц нэр, цол бүхий омог болсон авай. Эдгээр омог бас цааш салбарлаж, өдгөө монгол айм­гууд хэнийгээ ямар сал­бараас үүссэнийг, тэр нь нэг нэгэн­тэйгээ ямар ойрын хамаатайг тогтоон чадсан ажаам.
Тэд бол дүрлүгин мон­голчууд юм. Монгол гэдэг үг нь mong ol  “ард үл үлд­сэн”, “гэнэн хүн” гэсэн утга­тай. Монгол хэлээр хиан [qiyan] гэдэг нь улаанаар эргэлдсэн ус, уулаас доош газарт шуугин бууж буй уруй мэт эрчтэй, түргэн, хүчтэй гэсэн утгатай. Хиан нь эрэлхэг, хатан зоригтой байсан тул энэ үг түүний нэр болжухуй.
Хиад гэдэг нь хианы олон тоо юм. Уг гар­лаараа түүнд ойрхонуудыг нь эрт дээр цагт хиад гэдэг байсан ажгуу.” Сэнсийн талд жигүүрээ дэлгээд дүүлэн нисэх гэж байгаа хун бүхий хөшөө зу­лын гол мэт бадамлан буйг дээр өгүүлсэн. 
Буриад зон маань
Хун шувуун гарвальтай
Хус модон цэрэгтэй гэж шүлэглэн хэлэлцэх. Буриа­дын арваннэгэн омог хун шувуунаас үүссэн гэсэн до­мог буй. Энд энэ бүхнийг бэлгэдэсэн байх аа. Сэнсийн тал энэ тухайтад нэгэн үлгэр хэлэвэй. 
...Хорь түмэд гэдэг нэ­гэн сайхан эр Байгал нуу­рын эргээр явж байта есөн цагаан хун шувуу зүүн хойт зүгээс нисэн ирээд, Байгалийн эрэг дээр суухдаа хун хувцасаа тайлахдаа есөн хүүхэн болоод нуурын усанд ордог байгаа. Хорь түмэд нэг хун­гийн хувцасыг хулууж аваад, биеэ харуулалгүй хэв­тэв.  
Усанд орж дуусаад най­ман хун нь хувцасаа өм­сөөд зүүн хойшоо нисэн оджээ. Хувцасгүй ганц нь үлд­сэнд Хорь түмэд гэргийгээ болгон авчээ. Тэр хоёр айл гэр болоод жаргалтай сай­хан амьдарч, арван нэгэн хөвүүн­тэй болжээ. Эхнэр нь гуйдаг бай­жээ. “Би нутагтаа буцъя. Чи олон үртэй оллоо, чамд ядрах ядрал, зүдрэх зүдрэл үгүй болов биш үү! гэхэд Хорь түмэд хувцасыг нь ер өгдөггүй байжээ.
Нэг өдөр эхнэр нь хойморынхоо орон дээр оёдол хийгээд сууж, Хорь түмэд тогооны хоёр бариулаа бариад хоол унд хийж байв гэнэ. Тэгтэл эхнэр нь “Хун хувцасыг минь гаргаад өг л дөө. Би зөвхөн өмсөж үзъе л дээ. 
Би үүдээр гарна шүү дээ. Чи бариад л авна биз дээ. Чи намайг дийлж ядах юу байх вэ дээ” Өмсөөд үзъе л дээ, өгчих л дөө” гээд шалаад байж. Хорь түмэнд гуйгаад байхад нь уяраад, “Үгүй нээрээ, өмсөж үзэхэд юу л болов” гэж бодоод хун хувцасыг авдар­наасаа гаргаад өгчи­хөж.  Эхнэр нь хун хувцасаа өмсөөд, хун шувуу болоод хойморын орон дээр да­лавчаа засаад сууж байв гэнэ.
Хорь түмэд хаалгаар гар­вал бариад авах юм гэж бодоод хаалгаруу дөхөсхийж байтал дүрд хийгээд тооноор гараад явчихдаг байгаа. “Хүүе, болиоч!” гэж Хорь түмэд хашгараад тогооны ба­риулд хөөдсөн гараараа хөлнөөс нь шүүрээд авсан ч алдаж орхижээ. Хорь түмэд араас нь “Чи арван нэгэн хөвүүндээ нэр өгөөд яв л даа” гэж хэлбэл Хөвдүүд, Галзуут, Хуацай, Халбин, Батнай, Худай, Гушид, Цагаан, Шарайд, Бодонгууд, Харгана гэж хэлжээ. Чингэж буриадын арваннэгэн омог үүссэн гэнэ ээ. 
Буриад бөө бөөлөхдөө 
Хун шувуун гарваль минь
Хус модон цэрэг минь
Хусан хүрээт Худар минь
Усан хүрээн Ойхон минь гэж бөөлдөгийн учир тэр ажээ. Хус модон цэрэг гэдэг нь хун ээж хус модон уяатай байсан гэнэ. Худар гэдэг нуур уулын оройд хус модон дунд байдаг гэнэ. Ойхон арал гэдэг Байгалийн дунд буй. Одоогийн Ольхон гээд байгаа арал.
Гэтэл Явгаан хуурч бүх монгол овогтон хун шувуунаас гарал­тай гэж тас гүрийнэ. Гэвч Мон­голын олон овогтон өөрс­дийн гарвалийн тухай уран домог зохиосон байдаг юм аа гэж, монгол уран домог монголчуудын уран сэтгэм­жийн гайхамшгийг илтгэдэг юм аа гэж, тухайлбал Эхирэд буриадууд 
Эргийн гав эхтэй
Эрээн гутаар эцэгтэй
Эхирэд буриад гэж хэл­дэг юм аа гэх мэтээр  Явгаан­тайгаа үл маргана. Соёдууд харин буриадын арван нэгэн омогт үл багтана. Эд бол биеэ даасан монгол овогтон юм. Харин Явгаан маань өөрийн үзэлтийг над батлах гэж нэг гоё домгийг ярьж өгсөн дөө. Энэ нь сайхан! Сийрүүлсү. 
Хөвсгөл далайн дэргэд дэл хад хагарч, дотроос нь ногоон пийсүү чулуу цухуйж, тэр чулуун дотроос нэгэн сайхан эр гарч ирж гэнэ ээ. Тэр эр хуур гайхалтай сайхан татдаг юмсанж. Нэгэн өглөө хуур татаж суутал нь Далай ээжид хөвж явсан хун хуурын аялгууг сонсоод, залууд дурлаж, дороо үзэсгэлэнт бүсгүй болон хувилж, тэр хоёр ханилан сууж гэнэ ээ.
Тэр хоёр ханилаад хүүхэдтэй ч болж, хүүхдээ гурван ой хүрч байхад нь бүсгүй нэг өглөө цай үйх гэж байсан тогоотой усаа харахдаа далай ээжээ санагалзан, толгойноосоо эхлээд хун төрхөнд орсоор, тооноор нисээд гарахад нь нөхөр нь тулганд гал түлж байсан хөөтэй гараар хөл­нөөс нь  хальт атгаад алд­жээ. Тэгээд хунгийн хөл хар болсон гэнэ Тэр үед хуур тол­гой­гүй байжээ. Хөвүүн хун гэр­гийгээ санахдаа хуу­ран­даа хун толгой хийж, тэр үеээс хуур хун толгойтой бол­сон гэнэ.
Өөрийнхөө үзэлд дэндүү үнэнч Явгаан үүний бэлгэдэл болгож хун хуур биенээсээ үл салгана. Бидний дээшээ өгсөхөд ч суварганыхаа дэр­гэд хуураа дарж, туулиа хайлсан. Чингэхэд “хуурын эгш­гээр тэмээ уйлуулж бол­но гэж монголчуудын ярьдаг нь талаар бус” хэмээн Оро­сын их яруу найрагч Сергей Есениний дуун алд­сан нь тархинд харваж бай­вай. Үүнийг үл өгүүлэн өгүү­лэ­хэд  Хун шувууны орд гэж бид­ний орой дээр буй.
Дэл­хийд хамгийн ойрхон орд. 11 мянган гэрлийн жилийн зайтай ойрхон. Үүнийг хаанаас уншснаа санахгүй байв. Улаанбаатартаа ирээд “хавхаа эргэхээр” Номин Их дэлгүүрийн номын тасгаар ороод, хүүхдэд зориулсан гараг эрхсийн тухай нэгэн ном сөхтөл эл мэдээ нүднээ торов. Нэг сөхтөл шүү! Үүнийг юуны тул өгүүлнэ вэ? Хун шувуун гарвалъ дор өгүүлэх зүйлтэй холбоотой юм биш байгаа? Хун шувуу тэнгэрийн амьтан!.
Сэнсийн тал... Сэнсийн талд сэнсрэн буй салхин шиг хэлбэртэй хиргисүүр байсан байна. Нэгийг нь тоноод хажууд нь ийм хэлбэртэй хиргисүүр байсан юм аа гэж мэдүүлэх гэж хуйлрасан дүрс зурсан самбар босгочихож. Явгаан маань арваад жилийн өмнө ирэхэд чулууг яг ийм хэлбэртэйгээр өрсөн бас нэг газар байсан, тэр хаана байна гэж бидэнд замчилж яваа Зоя Сергеевнагаас нэхэж байв. Цаадах нь “тэнд очино, очино” гэж тайвшуурлсаар үнэхээр тийш аваад очлоо. Тэгтэл тэр өрсөн чулуу нь алга байв. Оросууд алтны уурхайруу зам тавих гээд уг чулууг зайлуулаад нэлээн зайтай овоолчихсон аж. Явгаан шогширно. Үглэнэ. “Ийм юм байх гэж” хэмээн гайхна. 
Энэ нь Явгааны түмэн зөв. Монголын түү­хийн нэгэн тайлагдаагүй нууц устаж байгаа нь энэ. Түрүү­ний удаа ирэхдээ аме­рикийн эрдэмтэдтэй, Самайн Данзан багштайгаа хамт явж байж. Америкчууд тэр өрсөн чулууг үзүүт шуу­гилдан, дор нь сансрын холбоо залгаж, Америкруу яриад, уул өөд өгсөж, уг өр­сөн чулууны зургийг авц­гаасан гэнэ. Чингэхлээр нь Явгаан “энэ их л чухал юм байх нь” гэж ойлгосон бай­на.
Яг тэр өрсөн чулууны чанх баруун талд бас сум мэт хэлбэртэй өрсөн чулуу байж. Харин тэр чулуу нь байна аа. Энэ сум 13 метр урт юм. Хачин аа, арвангурав гэдэг монголчуудын эрхэм бэлгэт тоо! Мэдээж, энэ сумыг эртний хүмүүс (? ) өрж байхад метрийн хэмжээ байгаагүй л дээ. Гэхдээ л...  Эсвэл би юм бүхнийг бэлгэ дэмбэррүү аваачиж хийх гээд байна уу? Сумны үзүүр уулын хормойд тулсан байх юм. Тэр сум юуг зааж байна вэ? Энэ юу вэ? гэж Даш, Явгаан, Зоя гурав надаас асууж байна. 
“Энэ сансар огторгуйтай холбоотой байж магадгүй” гэж би мэдэмхийрэв. Мэ­дэмхийрсний учир гэвэл тэнгэрийн дуран авайгаар авсан мөнх тэнгэрийн хуйл­ра­лын зургийг би “Хөрстөд гагц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал” номдоо оруулж бай­сан болохоор хэлбэрээр нь таасан хэрэг. “Энэ сум юу зааж байна вэ?” гэж нөхөд маань надаас асууж байна. “Аа, энэ уулан дотор харь гарагийнхан сансрын хөлгөө нуусан байх аа” гэж би хошигнов.
Нөгөөдүүл маань бас “Нээрээ, юмыг яаж мэдэх вэ” гэсэн царайтай байна. Нээрээ, юмыг яаж мэдэх вэ! Наашаа ирэхийн өмнөхөн Хов­дын Мөнххайрхан су­манд явж байхдаа нэгэн буган чулуун хөшөөн дээр яг ийм дүрс сийлсэн байхыг үзэж зургийг нь авсан. Эрдэ­нэбаатар бид хоёр үүнийг сансартай л холбон ярилцаж байсан. Тэгтэл...Бид тэндээс Мон­голжин уулруу давхив. Монголжин уулын элгэн хадан дээр пуужингийн зураг бий гэж биднийг Орлигт очиход тосолцсон Орликийн дунд сургуулийн түүхийн багш залуугийн хэлсэн нь бас давхар бодогдож байвай. 
Гэвч Гэнэн хутагтын тамга нэрт уг зургийг олсонгүй. Ердөө будаг нь хатаагүй гэмээр бурханы мэлмий, маанийн үсэг л харагдав. Замд трак­тортай явсан халамцуу бу­риад нөхрөөс асууж, тэр мэднэ хэмээн эрэлцсэн бо­­­­ловч тэр бас олсонгүй. Гэвч уг пуужингийн зураг “Окинс­­кий район. Турис­­­­тичес­кая карта в фотог­ра­фиях”-д нийтлэгд­жээ. Мөн “Горная Ока” /”Уулын Аха”/ номд бас тэр зураг ор­сон байна. Уг зургийг үзээд бас л гайхав. Энэ тухай уул номд бичснийг товчхон танил­­цуулсу.
Дорнод Соёны хаданд (Монголжингийн эгц хясаан дээр) Шивирийн өөр газарт тааралддаггүй цорын ганц хадны зураг бий. Энэ хачирхалтай тэмдгийг анх 1858 онд Шивирийг судлагч П. А. Кропоткин анх олжээ. Зосоор зурсан энэ тэмдэг нь 20 метрийн өндөрт бие биеэсээ 25 метрийн зайтай байдаг байна. 20 метрийн өндөрт шүү! Бид дэндүү доогуур эрээд байж. “Эдгээр нь пуужин хэлбэртэй /сансрын хөлөг/ . Тус бүрдээ дээд үзүүртээ хөндлөн зураастай, зураасныхаа дор цэг бүхий. Баруун гар тал нь босоо тасархай тасархай зураастай” гэжээ. 
Миний харваас ерөнхий хэлбэр нь зууван. Нисдэг бөмбөрцөг гэмээр ч юм уу. Доод шувтан үзүүрийн доохонтой бас нэг цэг байна. Ер Холливудын зарим кинонд гардаг харь гарагийныхны хөлөг лүгээ төстэй аж. Энэ тухайтад эрдэмтэд ихээхэн маргалддаг байна. Монголын хан нар эрт үед Байгаль орчимд Бурханы шашныг дэлгэрүүлэхийн тулд Гэнэн хутагт гэдэг ламыг Ахын нутагт илгээсэн гэнэ.
Тэрбээр Сэлэнгээр дамжин, Байгаль хүрч, Ольхон аралд мөсөөр хүрч тэндээсээ Бага тэнгэсээр дайраад, Ангарын Балаганы тал орж, Ахад иржээ. Гэнэн хутагт Ахын голоор Монголруу буцах замдаа “айлгасан, сургасан” янз бүрийн бичиг /тарни, маанийн үсэг хэлж байгаа бололтой./-Г. А./ зурж үл­дээ­сэн. Эдгээрийг буриа­дууд “Гэнэн хутагтын тамга” гэж нэрлэдэг гэж М. Н. Хангалов XIX зууны сүүлээр бичсэн аж. 
Эдгээрийн нэг нь Монголжин уулын бичээс юм гэж уул домогт өгүүлдэг байна. Түүнээс арай хо­жуухан Г. Ц. Цыбиков уул зургийн утгыг “Зэндмэни там­га”/чандмани тамга/ гэж тайлсан юм байна. Уул номыг зохиогчид Гэнэн хутагтын домгийг үнэнд хамгийн ойрхон гэж бичжээ. Молхи миний үзлээр бол энэ нь Хангалов эрдэмтний дурдсан Гэнэн хутагтын зурсан тарни, маанийн үсэг харваас огт биш байна.
Мөн Цыбиков эрдэмтний дурдсан чандмани ч биш байна. Монголчууд чандманий оройг хэзээ ч уруу нь харуулж зурахгүй. Чингэвэл нүгэл болно. Энэ нь зосон зураг байна. Европын эрдэмтэд агуйн зосон зургийг 40 000-аас 4000 жилийн өмнөх үеийнх гэж үздэг. Манай эрдэмтэд Монгол дахь хадны зосон зургийг 8000-аас 7000 жилийн өмнөх гэж тоолдог доо. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, миний бодлоор Кропоткиний саналыг эргэж үзүүштэй мэт. Ингэж хэлж байгаа минь их л бүдүүн зүрх юм даа. 
Над яагаад сонин юм тохиолдоод байгааг би мэдэхгүй. Түнхэнд Аршаан дээр ирсэн орой Явгаан бид хоёрыг Самайн Андрей гэж орос нэртэй гэж буриад эр биднийг гэртээ урьж цайлав. Сандал дээр нь сонины тасархай хэвтэж байсныг санаандгүй авч үзэв. Тэгтэл тэнд юу байсан гээ! Энэ сонинд “Шары-загадки” /“Бөмблөгө-оньсого”/ гэсэн гарчигтай өгүүлэл байх юм.
“Тэнгэрсийн гольф тоглодог газар”, “Харь гарагийныхны илгээмж” гэсэн жижиг гарчиг нүдэнд тусав. Оросын алдарт жуулчин Обручев Байгалийн орчимд хүний гараар бүтсэн юм шиг чулуун бөмбөлөгөтэй таараад “Тэнгэрсийн гольф тоглодог газар” энд байна гэж хэлсэн гэдэг. Зарим нь хорин см-ын голчтой, зарим нь хоёр метрийн голчтой бөмбөлөг Уст-Илимээс бас олдсон тухай тэнд өгүүлжээ. Түүнийг Сергей Волков гэдэг эрдэмтэн очиж судлаад, харь гарагийнхны илгээмж гэж үзсэн тухай өгүүлсэн байна.
Яг ийм бөмбөлгийг Коста-Рикад тариаланчид олсон гэсэн мэдээ буй. Эдгээртэй ив ижил аж. Тэгвэл хүний дайтай бус ч гэсэн тэврээд явж болох яг тийм бөм­бөлөгийг Сэнсийн талд би үзэж, сонихон болохоор нь зургийг нь авсан. Гэтэл энэ тухайтад айлын хаях гэж байсан сониноос олж уншиж байдаг.  Жигтэй биз? Тэгтэл “Чин­гис хааны узуур Дээд тэнгэ­рээс заяат төрсөн Бөртө Чоно ажгуу” гэсэн “Мон­голын нууц товчоон”-ы эхний өгүүлбэр чихэнд хангинаад болдоггүй.
Хий юм дуулдаг болж байгаа юм байх даа!  Сүүлийн үес дэлхийн эрдэмтэд /Америк, Орос, Германы/ Гэрэг домгийн Зэвс тэнгэрийг харь гарагийн хүн гэж тайлбарлах болж. Мисир газрын цацыг босгоход харь гаргийнхан аргыг нь зааж өгсөн гэх болж.  Бас харь гарагийнхан хүн төрөлхтний хөгжлийг ажиглаж, хазайх болоход нь засвар хийж байсан хэмээн тэд айлдах болж. Хачин шүү! Тэгвэл Алун гоогийн хэвлийд шингэсэн тэнгэрийн тэр гэрэл юу вэ? 
Одтой тэнгэр 
Орчиж бүлгээ.
Олон улс булха бүлгээ.
Орондоо үл орон 
Гөрлөлдөн бүлгээ
Хөрстэй этүгэн 
Хөрвөж бүлгээ.
Гүр улс булха бүлгээ.
Хөнжилдөөн үл хэвтэн
Хөрвөлдөн бүлгээ... тэр үед харь гарагийнхан хүн төрөлхтний хөгжлийг сайжруулах гэсэн юм биш байгаа...Нөгөө Аким чинь солиорчихож...гэж хэлэх хүн гарах л байх. Миний солиорох яах вэ, монголчууд маань саруул байвал! Би бол би л шүү дээ.  Оюун сэтгэлэг маань цойлоод огт оргүйд тэнэж явна уу? Хүний сэтгэл гэдэг хөх тэнгэр шиг хязгааргүй билээ л. Гэвч бусдын өөлөх нь падгүй юм даа, над. Хүний хэлэх хамаагүй юм даа, над. Үзэж харснаа, сонсож дуулснаа, уншиж барьснаа л эрэгцүүлэн эвлүүллээ, яадаг юм! Сэнсийн тал...Нэрийн утга нь сэнс мэт тэдгээр эргүүлгэн оршуулганд байгаа юм биш биз? Эргүүлгэ...Эргүнэ...
Сэнсын сондой талада
Соло, магтаал дуудахан
Согто, Хайдаб үбгэдүүд
Хаанабта? гэж Цэрэн­гийн Борис/Борис Сыренов/ гэдэг нэгэн буриад яруу най­рагч халаглан бичжээ. Үгүй нээрээ, тэр өвгөд хаачив аа? Уулзаж сайхан хуучлахсан!
...Бид “анчны гаргасан тоом”-оор мухиралдан мац­саар. Бүрэн хаан мөнгөн очис харвуулан, “энэ гурав маань яаж шуухан явна даа” гэж халиасаар. Өмнө явсан Даш ламтан гэнэт “хүрээд ирлээ” гэж зарлав. Нэгэн үзүүр тойр­тол нээрээ элгэн улаан хад моддын дунд цухуйж бай­вай. Цагаа харвал яг хоёр цаг явжээ. Алдарт нүхэн даваа...Мөнөөхөн анчны өөр ертөнцөд орж омог аймгаа аварсан нүхт хад... Харин Бөртө Чоно на­рын далан адуу, үхрийн ширээр хийсэн хөөргөөр хайлуулан гарч ирсэн хад мөн үү? Хадны нүхний байдлыг дороос нь буюу зүүн өмнө талаас нь үзвэл ханан хаднаа дөрөв таван метрийн өндөрт байх ажээ. 
Үргэлжлэл дараагийн дугаарт...
Хатагин Го. АКИМ
Share:

0 commentaires:

Enregistrer un commentaire