АВРАЛЫН ОРОН ЭРГҮНЭ ГУН ҮЛГЭР ХЭЛЭВ ҮҮ, ШАШДИР ХҮҮРНЭВ ҮҮ?[1]
Хатагин Го. АКИМ
Өнгөрсөн үеэ сонирходоггүй ард түмэнд
хэтдээ гарамгай улс болохын хувь байдаггүй.
Грумм Гржимайло
Угаа мартhан хүниие
Ухан дээрэhээ гал идэхэ.
Сэцэн үгэ
Эл гарчигийг тавьснаас яг сар хагасын өмнө бөлгөө. Молхи миний бие хадны бичээс судлах ажлаар манай нэрт археологич доктор Д. Эрдэнэбаатартай хамт аялалаа эхлээд ганцхан хонож байв. Бид Чингис хааныхаа найманы Таян ханыг сөхрүүлсэн Наху гун хайрханы өвөр бэлээр руни хэмээгдэх бичээсийн зураг дарж, хуулга авч явсаар Дашинчлан сумын төврүү машины хамар дөнгөж шургуултал дор төмөр тасхийвэй. Үзвэл машины бие ялихгүй “чилээрхэн” ажгуу. Иймд бас шалихгүй “засал хийлгэх”-ээр болж байтал утас дуугарав. Авбаас Дэлхийн монгол туургатны өв соёлыг хамтран хамгаалах “Их голомт” сангийн тэргүүн, Монгол улсын гавъяат жүжигчин Явгаан найз маань ярьж байна. “Хөөе, чи утсаа авахгүй, хаана тэнэж явна аа?” гэж байна. “Муу нөхөр нь, судалгааны хэмээх том нэртэй ажлаар хөдөө хөхөрч, гадаа гандахаар явна” гэлээ. “Сайхан юм аа” гэж байна. “Муу нөхөр нь ингэж бядан явахдаа дуртай юм даа” гэлээ. “Тэгвэл чамд бас нэг бядах ажил гарах нь, хөө. Чиний нөгөө үглээд байдаг Эргүнэ гунд чинь очих боломж гарч байна, Буриад явъя” гэх нь тэр. “Одоо яана аа. Найз нь сараас нааш очиж чадахгүй шүү дээ” гэвэл “ “За яах вэ, чи наад ажлаа гүйцээгээд ир, тэгээд хэдүүл явъя” гэж байна. Хажуугийн нөхөддөө мэдэгдээгүйгээс биш би дороо бараг дэвхцсэн дээ. Алдарт Наху гун хайрханы дэргэд домогт Эргүнэ гунд зорчих энэ чимээ алтан амтай найзын минь алтан амнаас гараад муу хоёр дэлдгэррүү минь алт мэт урсаад орж явчихлаа ! Дэндүү бэлгэ дэмбэрэлтэй байв шүү!
* * *
… Бид өгсөж явнам. Бид гэдэг маань Дэлхийн монгол туургатны өв соёлыг хамтран хамгаалах “Их голомт” сангийн тэргүүн Г. Явгаан, цанид хамба Доржийн Агвааны тулгын чулууг нь тулсан Түнхэний дацангийн хамба Шоглохойн Даш ламтан бид гурав. Тийм ээ, бид гурвуул алдарт Нүхэн даваа өөд мацаж явна. Зүйрлэж ярих дуртай Явгаан маань “Чандмани гурвын баг” гэж өөрсдийгөө дөвийлгөнө. Үүнийгээ үнэн зүрхнээсээ хэлнэ. Морин жим тахирлана. Бид гурав алхана. Урдхан талд Бүрэн хаан уул мөнгөрнө. Урьжигдарын унасан цас хөвчин биеийг нь мөнгөөр өвч бүрсэн нь тэр.
Цагаан цасан малгайтай
Ногоон модон хүрэмтэй
Хөх усан хормойтой
Баян хангай уул минь гэж Хатагины их яруу найрагч Ц. Дамдинсүрэн абугайн шүлэглэсэн нь Бүрэн хаанд дэндүү таарч байна даа гэж цээжнээ зурсхийж байх аж.Тэгж явтал Нүхэн даваа нэг домог над шивнэвэй. Өгүүлсү.
Эрт урьдын цагт юм гэнэ билээ. Газар дэлхий дээр гайхалтай жигтэй амьтад оршиж, хүн зон агуй ангалд сууж байсан цаг юмсанжээ. Нэгэн залуу анчин шархдуулсан араатныхаа мөрийг хөөсөөр нэгэн гайхамшигтай газар хүрч иржээ. Анчины өгссөн уулын оройд том хад байжээ. Тэр хаданд том нүх байлаа. Шархдсан араатны цустай мөр тэр нүхрүү орсон байвай. Залуу эр үүнийг өөрийнхөө бэлгээр ойлгожээ. Амьд үлдэхийн төлөөх агуу тэмцэлд аль алдаж онохыг хэлж барах вэ. Энэ нь аятай сайхны бэлгэ биш биз. Тэр араатныг мөнх тэнгэр түүнрүү явуулсан юм биш биз? Сумыг зайлуулаад, араатныг шархдуулуулсан, тэгээд түүний мөрөөр түүнийг явуулсан юм биш биз? Залуу анчин хадны нүхээр зоригтой орж явчихав. Тэр гайхалтай ертөнцөд оржээ. Тэрвээр модгүй халзан даваан дээр гарваас өмнө их уулсын хормой эмжсэн моддын дунд дуниартсан шар тал цэлийж байжээ. Тэр талын зүүн захыг эмжин нэгэн их мөрөн хад урсган алдан алсласнаа уулын хөндийгөөр мурилзан зүүн хойш далд оржээ. Эргээр нь үргэхийг мэдэхгүй номхон сарлагийн сүрэг бэлчиж байв гэнэ. Сарлагийн саваг нь энэ дагшин газрыг ариусган арчих мэт газар шүргэж байв гэнэ. Залуу анчин сэтгэлээ барьж чадахгүй “тогоо нэрж” орхив. Одоо овог аймгийнхан нь дайнч догшин хөршөөсөө бэргэхгүй, гэдэс хонхолзон өлсөж зовохоос айхгүй болох нь. Залуу эр нутагтаа буцаж ирээд, энэ бүх үзснээ овгийнхондоо ярьж, бүгд тэндээс нүүн мөнөөхөн нууцлаг даваанд хүрч, хадны нүхээр орон, уужим сайхан хөндийд очиж, цаа буга, сарлагыг гаршуулан, амар жаргалтай аж төрөн сууж гэнэ ээ.
Энэ соёд домог байх аа. Энэ бол Нүхэн даваагаар Сэнсийн талд хүн анх очсон тухай домог юм. Гэхдээ тэр хүмүүс хэн байв? Ниндерталууд уу (Neanderthals)? Хомо сапиенсууд уу (Homo sapiens)? Эсвэл бүр наашлуулбал Нукуз, Хиян нар уу? Тэд хөндийдөө багтахгүй өсч олшроод, хэнээс ч айхааргүй хүчирхэгжин дэвжээд энэ Нүхэн даваагаар хэрхэн гарав? Сэнсийн тал нь анчны овог аймгаа авч очсон тал мөн гэж домогт өгүүлсэн байнам. Харин монгол хоёр өрхийн /хоёрхон өрх байж таарахгүй, хоёр өрх гэдэг нь албат иргэдээ дагуулж явсан язгууртан өрх байх. –Г. А./ амийг аварсан тэр уйтан хөндий мөн үү? Нүхэн давааны нүх гэдэг монголчуудын хайлуулсан хясаа мөн үү? Гэвч энэ тухайтад ялихгүй хожим өгүүлсү.
…Бид “тэр анчны гаргасан хөвдөт тоом”-оор өгссөөр. Өмнө талд Бүрэн хаан сүмбэрлэнэ. Би тал зүрхтэй таваргаж яваа. Явгаан маань бэртэнгэ хөлтэй бүдчиж яваа. Далыг дарсан, далыг шүүрсэн хоёр өвгөн халх Нүхэн даваа өөд даан ч зүрхтэй мацаж явна. Бид Нүхэн давааны оргил хүрч чадах уу? Хүрсэн ч буцаж чадах уу? Хөлгүй хавцгайн ирмэг даган морин жим тахирлан мухирлан дээш одно. Өчигдөр Ахад байхад биднийг дайлж цайлсан айлын өвгөн урьд нь Нүхэн даваагаар морьтой давж байж. “Аав маань над доош харж болдоггүй юм шүү” гэж захиж байсан гэж ярьсан. Нээрээ доош харвал толгой эргэн хийсмээр. Ганц хальт гишгэвэл хөлгүй ангалруу, доор хүрхрэн урхиран байх Эрхүү цагаан голруу нисэхээ ядахгүй. Гэвч бид зорьсондоо хүрэх ёстой. “Нүхэн давааг хараад үхчих юмсан” гэсэн хачин бодол төрнө. Гэвч амны бэлгээс ашдын бэлгэ гэж монголчууд цэцэлдэг. Муу бодлыг хөөх гэж оролдолтгүй, шар ногооны солбицол, цэнхэр цагааны тунарал, хүрэн борын хослол гээд байгалийн өнгө гэрлийн гилбэлгээнийг харахдаа муухай бодол аяндаа сарниж, сэтгэл уужраад, хийморь сэргэх мэт. Тийм ээ, Монголын ууланд монгол хүнийхээ хийморийг сэргээх агуу увьдас оршдог юм аа. Даш ламтан “сартваахи”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Даш маань урьд энд ирж байсан. Замыг таван хуруу шигээ мэднэ. Өмнө түүчээлнэ. Биднийг хүлээнэ…
Соёд гэснээс Соёны уул гэдэг нь соёдын нэрээс үүссэн гэнэ. Явгаан үүнийг байн байн ярина. Юманд учир, суманд гичир. Үүнийгээ учирлахдаа Явгаан нэгэн сонин домог хүүрнэсэн.
Нэгэн хөгшин том заан Эрхүү голыг өгсөөд явж байжээ. Тэгтэл Хар Эрхүү, Цагаан Эрхүү хоёрын бэлчир дээр ирээд хоёр соёогоо булгачихаж. Тэгээд дээшихнээ яваад том уул болоод хувирчихаж. Тэгээд хоёр соёогоо унагасандаа харамсан хаяа хаяа нүднээсээ нулимс дуслуулдаг гэнэ. Хоёр соёо нь Цагаан Эрхүүгийн цутгалан дээр бас бас хос цагаан чулуу болон хувирчээ.
Ер монголчуудын уран сэтгэмжид хязгаар гэж үгүй хэмээн би мөн ч олон уулга алджээ. Явгааны цааш ярих нь, соёд гэдэг нь энэ соёо гэдэг үгээс үүссэн юм. Соёд хүн соёотой байдаг гэнэ. Явгаан бараг л нэгэн соёд бүсгүйн уруулыг нь татан, шүдийг гаргаж байгаад заан өгүүлсэн. Энэ хууч яриаг Самайн Данзан багшаасаа сонссон гэнэ. Үнэндээ тэр уулыг харахад үнэхээр баруун тийшээ хараад хүглийн хэвтэж байгаа зааны байдалтай. “Алтан дэлхийн өлзийт газар үзэх судар”-т заан шинжтэй уулыг “Их заан дээшид хэвтэхэд адил тэр газар эрхэм хан хүнийг барих газар буй” гэжээ. Тэгвэл “Газрын шинжийн монгол сударт” “Их заан ба өлзий адил бол хүний долоон үе хүртэл сайн” гэжээ. Хан хүнийг төрүүлэх шинжит энэ газар үнэхээрийн өлзийт газар мөн, монголчууддаа долоогоор тогтохгүй түмэн үедээ ч сайн юм билүү, хэн мэдлээ. Ахиулан харваас зааны нүднээс нь нээрээ нулимс бөмбөрч байна гээч! Эл заан, хөөрхий, соёогоо алдсандаа харамсаад уйлж байна уу, эсвэл өнгөрсөн зууны гучаад онд энд болсон эмэгнэлт явдлыг “санахдаа” уйлж байна уу? Нүд гэдэг нь том агуй юм. Хүн хүрэхийн аргагүй гэмээр өндөрт буй учир нүд шиг л үзэгдэх аж. Гэвч хүн түүнд хүрсэн гэнэ. Өнгөрсөн зууны гучаад оны аюумшигийн үед нэгэн лам шижир алтан бурхнаа тэр агуйд улааныхнаас нуухаар олсоор тийш буужээ. Тэгээд нөхөддөө агуй дотроос олсоо татаж авахыг хүсээд өөрөө бурхантайгаа тэндээ үлдэхээ хэлсэн гэнэ. Энэ нь үнэн үү, домог уу би мэдэхгүй. Даш маань ярьсан. Ер заан уулын ард их өндөрт долоон агуй байгаа нь харагдаж байсан. Тэнд улаан оросуудын хядлагаас лам нар нуугдаж байсан гэнэ. Тэр эгц өндөр өөд яаж гарч чадав аа гэж гайхмаар. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг. Хүн аминдаа тулахаар хаана ч хүрэхийг хэн байг гэлээ. Бид ч гэсэн өндөр өөд өгсөж явнам биш үү?
…Бид мацсаар. Өмнө талд Бүрэн хаан зүмбэрлэнэ. Морины баас хааяа таарах аж. Үүгээр морьтой хүмүүс явж. Яаж морьтой явж чаддаг байна аа! Явган бид ясаа тавьчих гээд байхад! Уулын хүмүүс, уулын морьд болохоор тэр байх даа. Морь ганц бүдрэх юм уу, хөл алдахад хийснэ! Гэвч тийм юм хэзээ ч дуулдаагүй ажээ. Тэгэхлээр бид хүрнэ. Хүний алхаа гэж хорон юм. Дээш ахихын хэрээр Бүрэн хааны орой намсана. Оройд нь өнчин хурган үүл өлгөгджээ. “Хоёр цаг өгсөнө” гэж Даш бидэнд хэлсэн. Цаг өгсөж байна. Тийм ээ, бид Явгаан, Даш хоёрынхоо цогцлоосон суварганы дэргэдээс нааш хөдөлсөн. Явгаан маань үнэхээрийн үндэсний үзэлтэй нэгэн. Үндэсний үзэлтэй гэдэг маань эх оронч гэсэн үг. Үндэснийхээ түүх, соёл, урлагт амиа тавина. Тэр л үзлээр буриад зондоо мартасныг нь сануулж, санаж буйг нь лавшруулах гэж өчнөөн жил зүтгэж явна. Тэр л үзлээр Петербург дэх Доржийн Агвааны сүмд багш Самай, Даш ламхай хоёртойгоо бурхан бүтээж, чухамхүү мөнөөхөн “зааны соёон”-ы хажууханд “Номун хүрдэн” суварга цогцлоосон. Энэ суваргаа Наймдугаар Богд Жавзандамба хутагт, Буриадын шарын шашныг үндэслэгч Заяа хамба, Цанид хамба Доржийн Агваан, Хайвзун Самайн Данзан нарын гэгээн дурсгалд зориулжээ. Цагаан Эрхүү баруун урьдаас, Бүрэн хааны зүгээс хөөс сахруулан урхирсаар бууж, Хар Эрхүү баруун хойноос, Ахын нуурын наанаас хуй мэт хүрхрэн ирж нийлээд Эрхүү мөрөн болж, хангал эмнэг шиг цовчхсоор одох бэлчир дээр “Номун хүрдэн”-г босгосон аж. Тэр хоёр газрыг үнэхээр олжээ. Ёстой нүдийг нь олно гэж энэ байх. Нүхэн давааныхаа бэлд л суврагаа босгосон байна шүү дээ. Гэвч Явгаан маань Нүхэн даваагаа энд гэж мэдээгүй, Даш маань Нүхэн давааг Монголын түүхийн нэгэн эхтэй холбоотойг санаагүй гэнэ. Гэвч зөн совингийн бэлгэ гэж айхтар юм буй. Цаанаас нь Эцэг Мөнх тэнгэр, Эх Этүгэн дэлхий, Эргүнэ гунгийн даваа нь суврагаа энд цогцлоо гэж онч дохио өгөөд байсныг хэн байг гэлээ гэж бодогдож явав. Суврагыг босгож байхад нэгэн сонин явдал болжээ. Сувраганы бумбыг тавих гээд өргөгч цамхагаар өргөж байлаа. Түүнийг хоёр тонн том чулуугаар бүтээжээ. Сувраган дээр яг тавих гэж байтал ган аргамжаа тас бууж, тасран алдав. Чанх дор нь Даш ламтан зогсож байжээ. Бүгдийнх нь зүрх зогсчих шиг болов. Гэвч бумба унасангүй, дэнжигнэсхийгээд тогтжээ. Чингээд бумбыг байрлуултал шивэрч байсан бороо зогсов. Чимээ алдарсан байсан хөхөө шувуу донгодов. Үнэхээр бэлгэ зохирчээ. Монгол-Оросын мөнхийн найрамдлыг бэлгэдсэн энэ суврагыг хуучин Монгол, Оросын хил байсан газарт босгосноо Явгаан маань над бахархалтайгаар хэлсэн юм. Монголын хил энэ хавиар гарч байсныг би мэднэ. Гэвч яг үүгээр үү? Юмыг баталгаажуулах гэж “муу санаалж” явдаг нь миний гэм биш зан. Иймд хорин зургаан онд Шар Дамдинсүрэн /Симуков/, Жамсрангийн Цэвээн нарын хийсэн Монголын газрын зураг үзэв. Улсын маань хил Хар Эрхүү, Цагаан Эрхүү хоёрын нийлэх уулзвараар гарч байжээ. Өөрөөр хэлбэл Цагаан Эрхүү Монголын хил дотор байсан байна. Нүхэн даваа ч Монголын хил дээр байсан байна. Аяа, миний нөхөр Явгаан!…Аяа, Монголынхоо газрыг харьд өгөхгүй гэж тэмцсээр амиа өгсөн агуу эх оронч Аварзэд минь…Дайнд бус, тайван цагт газар шорооныхоо төлөө алтан амиа өгсөн ховорхон хүний нэг Та мөн! Танд минь хөшөө босгодоггүй юм байх даа. Улаанбаатарын зүрхэнд Марко Поло гэж Халх Монголд ирээгүй хаа холын хар элгийн харь италын алцгар хөшөөрөхүү юм шовойлгож байхаар Аварзэд гэдэг агуу их эх орончийнхоо гайхалтай хөшөөг л сүндэрлүүлэхсэн. Бүр хориннэгдүгээр зууны уран барималын гайхамшиг гэж түмэн үедээ магтагдахаар! Гэвч бид гайхамшигт эх орончдоо мартаад л байна уу даа!
Явгааны ямагт өгүүлэх нь, зааны энэ “соёо” бол соёдуудын шүтээн мөн. Соёны уул гэдэг чинь энэ “соёо” гэдэг үгнээс гаралтай гэж нэг үгээ дуусгалгүй давтана. Үүнийг Самайн Данзан багш нь дандаа хэлдэг байсан гэнэ. Явгааны дандаа яриад байгаагийн учир нь энэ. Чингээд Явгаан маань энэ хоёр “соёо”-ны оройд эвт дөрвөн амьтны баримал, цагаан дар эхийн хөргийг чулуугаар сийлж залах тухай Даш ламд санал болгоно. Ахад очоод Данзан ламтаны дүү Самайн Зояа Сергеевнад бас л санал болгосон. Санаж явбал бүтдэг, сажилж явбал хүрдэг гэдэг үг бий. Энэ сайхан санаа нь бүтээсэй билээ гэж молхи би залбиран мацаж явсан даа.
…Бид “анчны гаргасан тоом”-оор өгссөөр. Өмнө талд Бүрэн хаан наран бурханы гэрэлд гялалзсаар. Аха нутагт намар болжээ. Нарны сацраг ээжийн дулаахан алга шиг илбэнэ. Энд бол намрын эмгэн шар нар гэж хэлэхээр болсон байнам. Эмгэн шар нарны гэрэлд Бүрэн хааны их уулс, Бүрэн хааны Нүхэн даваа гэгддэг энэ салбар уулс умбан байна. Бүрэн хааны нүхэн даваа…Буриад нөхөд маань ингэж хэлсэн. Хоёр хоногийн өмнө Түнхэнээс Аха орж явахад бороо шиврэхдээ шивэрч, цас хялмалахдаа хялмаалж, эргэн тойрны уул даваа нэвсийн мөлхөх үүл мананд дарагдаад, “үүлс сүвлэн уулс сурвалжлах”-аар явж байна даа гэж молхи миний мохоо ухаанд орж байж билээ.
Будан татсан сарьдаг байна аа, хөө
Бусдын нутгийн хангай юу даа, хөө.
Үгүй ээ, манай нутгийн бараа… Одоо бид нар даган уул сурвалжлахаар явнам биш үү. Гэхдээ одоог үл өгүүлэн, хоёр хоногийн өмнөхийг өгүүлсү. Орлик суурин дөхөх тусам үүл сийрч, манан сарниж, уулсын бараа тодрон байсансан. Бид Ахын голыг уруудан, хар замаар бус засмал замаар дэржигнүүлсэн. Гэвч зам манайхтай харьцуулашгүй сайн юм билээ. Ахын гол нэг бол тэртээ дор хөөсрөн шуугиж, үгүй бол хажуугаар бидэнтэй уралдан оволзоно. Ахын нуурын даваан дээрээс, бараг ганцхан том чулууны дороос Ахын гол хойшоо, Хар Эрхүү зүүн урагш гээд хоёр тийш нижигнэж бууна. Соёдууд ардын дуундаа
Ара хойшоо урдаhан
Аха баян мүрэмнай
Арга бишээр hанагдаха
Аба эжы хоёрнай
Эрьелдэжэ урдаhан
Эрхүү hайхан мүрэмнай
Эрх бишээр hанагдаха
Эжы аба хоёрнай гэж энэ хоёр мөрнөө мөнхрүүлжээ. Ахын голын хүчирхэгийг гайхахын ялдар уулсын түмэн өнгийг бахдаж явсан даа. Оюу ногоон хуш, алтан шар хус, шүрэн улаан улиангар, ундрам хүрэн хад, дундуур нь мана саарал манан, утаат болор мэт хөхөлзий үүлэн цоорхойгоор гэрэлтэх номин цэнхэр тэнгэр. Хэдэн жилийн өмнө Бурхан буудай уулыг хараад бурхан багш уулынхаа өнгөнд будаг хайрласангүй гэж бичиж байж билээ. Ахын уулсад ч бурхан багш бас будаг үл хайрлажээ. Уулын энгэрт шар, ногоон модос, хүрэн хадны дунд гэв гэнэт ув улаан төгөл байх нь шүрэн шигтгээ мэт. Ямар мод ингэтлээ шатчих гэж байгаа юм шиг улайрдаг байна аа? Орликт очоод Зоя Сергеевна гэдэг соёлын зүтгэлтэн соёд эмэгтэйгээс асуувал түүнийг “улиангар” гэж хэлж өгсөн. Улиасны нэг төрөл л дөө. Ингэж их улайрдаг болохоор нь монголчууд “улаангар” гэж нэрлээд тэр нь сунжирч “улиангар” болсон ч байж магадгүй. Гэвч энэ бол миний таамаг. Уулын энгэр өөд алаг сарлаг ассан нь үзэгдэнэ. Энэ бүх зураг нүднээ унахад Бат сүзэгт Бандид хамба Жамъянгаравын
Урьж дуудаагүй байтал жаргалын төхөмийн үхэр сарлаг
нүх завсарт нь ассан
Урлаж хийгээгүй байтал эмт ойн цэцэрлэгийн эрихсээр
сайтар чимэглэсэн
Улмаар давхарласан нь үгүй атал сүмбэр уулын цогоор
илт өндөр
Урьдаас хийсэн нь үгүй атал аглагийн сайхан энэ газар
баясан хурахын цог
Уснаа үзэгдэгч огторгуйн төвд усан үүрэгт үүлэн
хүндрэн хүндрэн хөдлөхүй
Зуны их хэнгэрэгийн дуун нүрэглэн нүрэглэн өндөрт дуурсаад
Зуурхан зуурхан усны үсэрвэр уул тал бүхнийг дэвтээнэ
гэсэн гайхамшигт зураглал цээжнээ буух ажаам. Тийм ээ, Аха нутаг үнэхээрийн “сүмбэр уулын цогоор илт өндөр”, “баясан хурахын цог” бүхий нутаг ажээ.
…Бид “анчны гаргасан тоом”-оор өгссөөр. Өмнө Бүрэн хаан уул оргилдоо байгаа өнчин цагаан үүлийн өехий цөмлөн өөдөө цоройсоор. “Газрын шинжийн монгол судар”-т хаан уулын шинжийг тодорхойлохдоо “Хаан уулын үзүүр нь огторгуйд цоройсон, сүр жавхлантай, энхэл тонхолгүй, гол хэсэгтээ асга, цас, ой бүрхмэл. Өмнүүрээ хавцал ус хүрээлсэн, оройд нь шувууны хаан их гарьд ниссэн, олон буга, чихдэй бээр тоглон гүйлдсэн, арын эгц уул өмнө тийш намссан, хормой уртсаад, газрын захтай нийлсэн, зүг бүрийн уулсыг нааш хураасан, нуур болон жижиг голуудаар хүрээлсэн, жимст мод, ой шугуй үр жимсээр сайтар боловсорсон, дуут шувууд жиргэн наадсан эдгээр шинж болно” гэжээ. Энд өгүүлсэн бүх шинж Бүрэн хаанд бүрэлдсэн ажгуу. Оросууд Бүрэн хааны нэрийг Мөнх сарьдаг болгон сольсон гэж Явгаан маань бухимдана. Гэвч бухимдалтгүй мэт. Молхи миний мунхаг ухаанаар эрэгцүүлбэл Мөнх сарьдаг Бүрэн хааны эртний нэр байж магадгүй. Монголд Бүрэн хаан нэртэй уул хэд хэд бий. Бүрэн хаан гэдэг манай хутагт хувилгаадын өгсөн нэр байж магадгүй гэж хардмуй. Харин энэ бол Мөнх тэнгэртэйгээ тэврэлдсэн Мөнх сарьдаг яахын аргагүй мөн байна. Оросууд монгол нэрийг сольвол оросжуулж юм уу, авиаг нь ялихгүй өөрчлөх маягаар л сольдог нь харагдсан. Тухайлбал, Соёныг Саян гэх, Аха гэдгийг Ока болгох жишээтэй. Гэтэл Мунк Сардык гээд монголоороо, орос дуудлагатай л болсон байна. Монголын газрын зурагт ч Бүрэн хаан Мөнх сарьдаг нэрээр орсон байна. Шар Дамдинсүрэн, Уулын өвгөн Цэвээн нарын хийсэн газрын зурагт Бүрэн буюу Мөнх Сарьдаг гэж бичсэн байна шүү. Чингэвэл Ахын арван гурван сарюун улаан хаадуудта буюу Ахыг ивээгч арван гурван тахилгат оргилд ахынхан залбирдаг аж. Мөнх сардигийн эзэн нь Бүрэн хаан гэнэм.
Ахын арбан гурбан улаан хада
Арбан гурван сагаан эхитэй
Аха баян дайда!
Мүнх саhан hуудалтай
Бүрэн хан хайрхан бэлэй…гэж ахынхан дууддаг ажээ. Манайхны Алтайн арван гурван оргил гэдэг шиг. Арван гурван тооны бэлэгдэл энд ч явж байдаг байна. Арван гурав нь аргагүй л нийт монголчуудын бэлгэдлийн тоо юм даа. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Буриад нөхөд маань Бүрэн хаан уулыг умар талаас нь жил болгон тахьдаг ажээ. Харин манайхан өмнө талаас нь тахьдаггүй юм байна. Эрт тавдугаар богд тахьж байсан гэх. Наймдугаар богд ч тахиж байсан гэх. Ханхын уугуул 85 сүүдэрлэсэн бичээч Содовын Бадарч гуай Бүрэн хаан уулаа бид өмнө талынх нь Баясгалан уулан дээрээс тахьдаг байсан юм аа. Аав намайг Баясгалан уулан дээр дагуулж гарч байсан юм. Тахилганаас буугаад Хөх мөсний голд идээ будаагаа хүртдэг байсан гэж хуучилсан юм. Мөн Бадарч гуай өгүүлэхдээ, манай Ханхынхан
Өндөр Бүрэн хаан минь
Өргөн Далай ээж минь
Өлгий болсон нутаг минь
Өршөөж манийгаа хайрлагты гэж цай идээнийхээ дээжийг Бүрэн хаандаа өглөө бүр өргөдөг юм” гэсээн. Одоо Монголынхоо хойморын энэ шүтээн уулыг төрийн тахилгатай болгосон ч болохгүй гэх газаргүй. Монголынхоо нутгийг дахиад харьд алдахгүйн ч баталгаа болох талтай.
…Бид “анчны гаргасан тоом”-оор гэлдэрсээр. Бүрэн хаан уул биднийг хазайвал түшихэд, хальтарвал тосч авахад бэлэн сүмбэрлэсээр. Монголын уул ийм л ээлтэй дээ. Бид өчигдөр Сэнсийн тал орсон. Сэнсийн тал…Зоя Сергеевна таван хуруугаа дээш гозойлгон дүрслэж байгаад өгүүлсэн нь, “Манай нутаг бол миний энэ хуруу шиг тал талаас нь өндөр уулаар хүрээлэгдсэн, бид яг энэ алганы хонхорхой шиг газарт байгаа юм” гэсэн. Тэр үнэн юм аа. Сэнсийн тал мөнгөн цөгцөнд байгаа хайлсан шар тос шиг мэлмэлзэн, тэхий дунд нь байгаа хунгийн өндөр хөшөө зулын гол болон бадамлахад ойрхон байлаа. Энэ бол мөнөөхөн анчны даваан дээрээс олж хараад, очиж нутагласан тал. Үнэхээр савгаараа газар арчсан сарлаг энд идээшлэн байна. Умар талд нь Хаан нэртэй уул ханхайн байна. Энэ уулын өмнө тал нь луугийн шинжтэй аж. Дорно талаасаа бол урагшаа хараад байж байгаа луу тодхон дүрслэгдэнэ. “Газрын шинжийн судар”-т “…хойд луу нь цогийг дэгжээх ус мөн” гэжээ. Гайхалтай! Аянга цахилгааныг буулгаж, хур бороо авчирдаг луугийн шинжийг Хаан уул бүрнээ хадгалсан байна шүү. Энэ нутгийн зундаа ган гачиггүй, өвөлдөө зуд турхангүй байхыг Хаан уул нь дааж байдаг юм биш үү? Хаан уулын оройд Гэсэр хааны арвангурван тохой илд байдаг гэж соёдууд домоглон биширнэ. Сэнсийн тал нэг түүх хүүрнэвэй.
“…Өөр аймгууд монгол аймгуудыг дийлж, бүгдийг нь хядахад хоёр эр, хоёр эмээс илүүгүй хүн амь гарсан ажгуу. Энэ хоёр айл дайснаасаа буруулан дутааж, уул, ой модоор хүрээлэгдсэн [нэвтэрхүйеэ] бэрх газарт очиж, тэр нь аль ч талаас нь орохын аргагүй, ер хад чулуутай ганцхан жимээр л хүрч болох тийм газар байжухуй. Энэ уулсын дотор Эргүнэ гун гэдэг өвстэй цээл хөндий байж. (Гун гэдэг нь уулын хэжүү, эргүнэ гэдэг нь хэрэм, чингэхлээр Эргүнэ гун гэдэг нь хэрэм мэт халил гэсэн утгатай.) Тэр хоёрыг Нохос, Хиан гэдэг байсан ажаам. Он цаг улиравч тэд хийгээд тэдний үр сад тэндээ байсаар, өвөр хоорондоо гэрлэсээр үржин өсчүхүй. Төрөл бүр нь өөрийн өвөрмөц нэр, цол бүхий омог болсон авай. Эдгээр омог бас цааш салбарлаж, өдгөө монгол аймгууд хэнийгээ ямар салбараас үүссэнийг, тэр нь нэг нэгэнтэйгээ ямар ойрын хамаатайг тогтоон чадсан ажаам. Тэд бол дүрлүгин монголчууд юм. Монгол гэдэг үг нь mong ol “ард үл үлдсэн”, “гэнэн хүн” гэсэн утгатай. Монгол хэлээр хиан [qiyan] гэдэг нь улаанаар эргэлдсэн ус, уулаас доош газарт шуугин бууж буй уруй мэт эрчтэй, түргэн, хүчтэй гэсэн утгатай. Хиан нь эрэлхэг, хатан зоригтой байсан тул энэ үг түүний нэр болжухуй. Хиад гэдэг нь хианы олон тоо юм. Уг гарлаараа түүнд ойрхонуудыг нь эрт дээр цагт хиад гэдэг байсан ажгуу.”
Сэнсийн талд жигүүрээ дэлгээд дүүлэн нисэх гэж байгаа хун бүхий хөшөө зулын гол мэт бадамлан буйг дээр өгүүлсэн.
Буриад зон маань
Хун шувуун гарвальтай
Хус модон цэрэгтэй
гэж шүлэглэн хэлэлцэх. Буриадын арваннэгэн омог хун шувуунаас үүссэн гэсэн домог буй. Энд энэ бүхнийг бэлгэдэсэн байх аа. Сэнсийн тал энэ тухайтад нэгэн үлгэр хэлэвэй.
…Хорь түмэд гэдэг нэгэн сайхан эр Байгал нуурын эргээр явж байта есөн цагаан хун шувуу зүүн хойт зүгээс нисэн ирээд, Байгалийн эрэг дээр суухдаа хун хувцасаа тайлахдаа есөн хүүхэн болоод нуурын усанд ордог байгаа. Хорь түмэд нэг хунгийн хувцасыг хулууж аваад, биеэ харуулалгүй хэвтэв. Усанд орж дуусаад найман хун нь хувцасаа өмсөөд зүүн хойшоо нисэн оджээ. Хувцасгүй ганц нь үлдсэнд Хорь түмэд гэргийгээ болгон авчээ. Тэр хоёр айл гэр болоод жаргалтай сайхан амьдарч, арван нэгэн хөвүүнтэй болжээ. Эхнэр нь гуйдаг байжээ. “Би нутагтаа буцъя. Чи олон үртэй оллоо, чамд ядрах ядрал, зүдрэх зүдрэл үгүй болов биш үү! гэхэд Хорь түмэд хувцасыг нь ер өгдөггүй байжээ. Нэг өдөр эхнэр нь хойморынхоо орон дээр оёдол хийгээд сууж, Хорь түмэд тогооны хоёр бариулаа бариад хоол унд хийж байв гэнэ. Тэгтэл эхнэр нь “Хун хувцасыг минь гаргаад өг л дөө. Би зөвхөн өмсөж үзъе л дээ. Би үүдээр гарна шүү дээ. Чи бариад л авна биз дээ. Чи намайг дийлж ядах юу байх вэ дээ” Өмсөөд үзъе л дээ, өгчих л дөө” гээд шалаад байж. Хорь түмэнд гуйгаад байхад нь уяраад, “Үгүй нээрээ, өмсөж үзэхэд юу л болов” гэж бодоод хун хувцасыг авдарнаасаа гаргаад өгчихөж. Эхнэр нь хун хувцасаа өмсөөд, хун шувуу болоод хойморын орон дээр далавчаа засаад сууж байв гэнэ. Хорь түмэд хаалгаар гарвал бариад авах юм гэж бодоод хаалгаруу дөхөсхийж байтал дүрд хийгээд тооноор гараад явчихдаг байгаа. “Хүүе, болиоч!” гэж Хорь түмэд хашгараад тогооны бариулд хөөдсөн гараараа хөлнөөс нь шүүрээд авсан ч алдаж орхижээ. Хорь түмэд араас нь “Чи арван нэгэн хөвүүндээ нэр өгөөд яв л даа” гэж хэлбэл Хөвдүүд, Галзуут, Хуацай, Халбин, Батнай, Худай, Гушид, Цагаан, Шарайд, Бодонгууд, Харгана гэж хэлжээ. Чингэж буриадын арваннэгэн омог үүссэн гэнэ ээ.
Буриад бөө бөөлөхдөө
Хун шувуун гарваль минь
Хус модон цэрэг минь
Хусан хүрээт Худар минь
Усан хүрээн Ойхон минь гэж бөөлдөгийн учир тэр ажээ. Хус модон цэрэг гэдэг нь хун ээж хус модон уяатай байсан гэнэ. Худар гэдэг нуур уулын оройд хус модон дунд байдаг гэнэ. Ойхон арал гэдэг Байгалийн дунд буй. Одоогийн Ольхон гээд байгаа арал. Гэтэл Явгаан хуурч бүх монгол овогтон хун шувуунаас гаралтай гэж тас гүрийнэ. Гэвч Монголын олон овогтон өөрсдийн гарвалийн тухай уран домог зохиосон байдаг юм аа гэж, монгол уран домог монголчуудын уран сэтгэмжийн гайхамшгийг илтгэдэг юм аа гэж, тухайлбал Эхирэд буриадууд
Эргийн гав эхтэй
Эрээн гутаар эцэгтэй
Эхирэд буриад гэж хэлдэг юм аа гэх мэтээр Явгаантайгаа үл маргана. Соёдууд харин буриадын арван нэгэн омогт үл багтана. Эд бол биеэ даасан монгол овогтон юм. Харин Явгаан маань өөрийн үзэлтийг над батлах гэж нэг гоё домгийг ярьж өгсөн дөө. Энэ нь сайхан! Сийрүүлсү.
Хөвсгөл далайн дэргэд дэл хад хагарч, дотроос нь ногоон пийсүү чулуу цухуйж, тэр чулуун дотроос нэгэн сайхан эр гарч ирж гэнэ ээ. Тэр эр хуур гайхалтай сайхан татдаг юмсанж. Нэгэн өглөө хуур татаж суутал нь Далай ээжид хөвж явсан хун хуурын аялгууг сонсоод, залууд дурлаж, дороо үзэсгэлэнт бүсгүй болон хувилж, тэр хоёр ханилан сууж гэнэ ээ. Тэр хоёр ханилаад хүүхэдтэй ч болж, хүүхдээ гурван ой хүрч байхад нь бүсгүй нэг өглөө цай үйх гэж байсан тогоотой усаа харахдаа далай ээжээ санагалзан, толгойноосоо эхлээд хун төрхөнд орсоор, тооноор нисээд гарахад нь нөхөр нь тулганд гал түлж байсан хөөтэй гараар хөлнөөс нь хальт атгаад алджээ. Тэгээд хунгийн хөл хар болсон гэнэ Тэр үед хуур толгойгүй байжээ. Хөвүүн хун гэргийгээ санахдаа хуурандаа хун толгой хийж, тэр үеээс хуур хун толгойтой болсон гэнэ.
Өөрийнхөө үзэлд дэндүү үнэнч Явгаан үүний бэлгэдэл болгож хун хуур биенээсээ үл салгана. Бидний дээшээ өгсөхөд ч суварганыхаа дэргэд хуураа дарж, туулиа хайлсан. Чингэхэд “хуурын эгшгээр тэмээ уйлуулж болно гэж монголчуудын ярьдаг нь талаар бус” хэмээн Оросын их яруу найрагч Сергей Есениний дуун алдсан нь тархинд харваж байвай. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд Хун шувууны орд гэж бидний орой дээр буй. Дэлхийд хамгийн ойрхон орд. 11 мянган гэрлийн жилийн зайтай ойрхон. Үүнийг хаанаас уншснаа санахгүй байв. Улаанбаатартаа ирээд “хавхаа эргэхээр” Номин Их дэлгүүрийн номын тасгаар ороод, хүүхдэд зориулсан гараг эрхсийн тухай нэгэн ном сөхтөл эл мэдээ нүднээ торов. Нэг сөхтөл шүү! Үүнийг юуны тул өгүүлнэ вэ? Хун шувуун гарвалъ дор өгүүлэх зүйлтэй холбоотой юм биш байгаа? Хун шувуу тэнгэрийн амьтан!..
Сэнсийн тал…Сэнсийн талд сэнсрэн буй салхин шиг хэлбэртэй хиргисүүр байсан байна. Нэгийг нь тоноод хажууд нь ийм хэлбэртэй хиргисүүр байсан юм аа гэж мэдүүлэх гэж хуйлрасан дүрс зурсан самбар босгочихож. Явгаан маань арваад жилийн өмнө ирэхэд чулууг яг ийм хэлбэртэйгээр өрсөн бас нэг газар байсан, тэр хаана байна гэж бидэнд замчилж яваа Зоя Сергеевнагаас нэхэж байв. Цаадах нь “тэнд очино, очино” гэж тайвшуурлсаар үнэхээр тийш аваад очлоо. Тэгтэл тэр өрсөн чулуу нь алга байв. Оросууд алтны уурхайруу зам тавих гээд уг чулууг зайлуулаад нэлээн зайтай овоолчихсон аж. Явгаан шогширно. Үглэнэ. “Ийм юм байх гэж” хэмээн гайхна. Энэ нь Явгааны түмэн зөв. Монголын түүхийн нэгэн тайлагдаагүй нууц устаж байгаа нь энэ. Түрүүний удаа ирэхдээ америкийн эрдэмтэдтэй, Самайн Данзан багштайгаа хамт явж байж. Америкчууд тэр өрсөн чулууг үзүүт шуугилдан, дор нь сансрын холбоо залгаж, Америкруу яриад, уул өөд өгсөж, уг өрсөн чулууны зургийг авцгаасан гэнэ. Чингэхлээр нь Явгаан “энэ их л чухал юм байх нь” гэж ойлгосон байна. Яг тэр өрсөн чулууны чанх баруун талд бас сум мэт хэлбэртэй өрсөн чулуу байж. Харин тэр чулуу нь байна аа. Энэ сум 13 метр урт юм. Хачин аа, арвангурав гэдэг монголчуудын эрхэм бэлгэт тоо! Мэдээж, энэ сумыг эртний хүмүүс (? ) өрж байхад метрийн хэмжээ байгаагүй л дээ. Гэхдээ л… Эсвэл би юм бүхнийг бэлгэ дэмбэррүү аваачиж хийх гээд байна уу? Сумны үзүүр уулын хормойд тулсан байх юм. Тэр сум юуг зааж байна вэ? Энэ юу вэ? гэж Даш, Явгаан, Зоя гурав надаас асууж байна. “Энэ сансар огторгуйтай холбоотой байж магадгүй” гэж би мэдэмхийрэв. Мэдэмхийрсний учир гэвэл тэнгэрийн дуран авайгаар авсан мөнх тэнгэрийн хуйлралын зургийг би “Хөрстөд гагц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал” номдоо оруулж байсан болохоор хэлбэрээр нь таасан хэрэг. “Энэ сум юу зааж байна вэ?” гэж нөхөд маань надаас асууж байна. “Аа, энэ уулан дотор харь гарагийнхан сансрын хөлгөө нуусан байх аа” гэж би хошигнов. Нөгөөдүүл маань бас “Нээрээ, юмыг яаж мэдэх вэ” гэсэн царайтай байна. Нээрээ, юмыг яаж мэдэх вэ! Наашаа ирэхийн өмнөхөн Ховдын Мөнххайрхан суманд явж байхдаа нэгэн буган чулуун хөшөөн дээр яг ийм дүрс сийлсэн байхыг үзэж зургийг нь авсан. Эрдэнэбаатар бид хоёр үүнийг сансартай л холбон ярилцаж байсан. Тэгтэл…Бид тэндээс Монголжин уулруу давхив. Монголжин уулын элгэн хадан дээр пуужингийн зураг бий гэж биднийг Орлигт очиход тосолцсон Орликийн дунд сургуулийн түүхийн багш залуугийн хэлсэн нь бас давхар бодогдож байвай. Гэвч Гэнэн хутагтын тамга нэрт уг зургийг олсонгүй. Ердөө будаг нь хатаагүй гэмээр бурханы мэлмий, маанийн үсэг л харагдав. Замд трактортай явсан халамцуу буриад нөхрөөс асууж, тэр мэднэ хэмээн эрэлцсэн боловч тэр бас олсонгүй. Гэвч уг пуужингийн зураг “Окинский район. Туристическая карта в фотографиях”-д нийтлэгджээ. Мөн “Горная Ока” /”Уулын Аха”/ номд бас тэр зураг орсон байна. Уг зургийг үзээд бас л гайхав. Энэ тухай уул номд бичснийг товчхон танилцуулсу. Дорнод Соёны хаданд (Монголжингийн эгц хясаан дээр) Шивирийн өөр газарт тааралддаггүй цорын ганц хадны зураг бий. Энэ хачирхалтай тэмдгийг анх 1858 онд Шивирийг судлагч П. А. Кропоткин анх олжээ. Зосоор зурсан энэ тэмдэг нь 20 метрийн өндөрт бие биеэсээ 25 метрийн зайтай байдаг байна. 20 метрийн өндөрт шүү! Бид дэндүү доогуур эрээд байж. “Эдгээр нь пуужин хэлбэртэй /сансрын хөлөг/ . Тус бүрдээ дээд үзүүртээ хөндлөн зураастай, зураасныхаа дор цэг бүхий. Баруун гар тал нь босоо тасархай тасархай зураастай” гэжээ. Миний харваас ерөнхий хэлбэр нь зууван. Нисдэг бөмбөрцөг гэмээр ч юм уу. Доод шувтан үзүүрийн доохонтой бас нэг цэг байна. Ер Холливудын зарим кинонд гардаг харь гарагийныхны хөлөг лүгээ төстэй аж. Энэ тухайтад эрдэмтэд ихээхэн маргалддаг байна. Монголын хан нар эрт үед Байгаль орчимд Бурханы шашныг дэлгэрүүлэхийн тулд Гэнэн хутагт гэдэг ламыг Ахын нутагт илгээсэн гэнэ. Тэрвээр Сэлэнгээр дамжин, Байгаль хүрч, Ольхон аралд мөсөөр хүрч тэндээсээ Бага тэнгэсээр дайраад, Ангарын Балаганы тал орж, Ахад иржээ. Гэнэн хутагт Ахын голоор Монголруу буцах замдаа “айлгасан, сургасан” янз бүрийн бичиг /тарни, маанийн үсэг хэлж байгаа бололтой./-Г. А./ зурж үлдээсэн. Эдгээрийг буриадууд “Гэнэн хутагтын тамга” гэж нэрлэдэг гэж М. Н. Хангалов XIX зууны сүүлээр бичсэн аж. Эдгээрийн нэг нь Монголжин уулын бичээс юм гэж уул домогт өгүүлдэг байна. Түүнээс арай хожуухан Г. Ц. Цыбиков уул зургийн утгыг “Зэндмэни тамга”/чандмани тамга/ гэж тайлсан юм байна. Уул номыг зохиогчид Гэнэн хутагтын домгийг үнэнд хамгийн ойрхон гэж бичжээ. Молхи миний үзлээр бол энэ нь Хангалов эрдэмтний дурдсан Гэнэн хутагтын зурсан тарни, маанийн үсэг харваас огт биш байна. Мөн Цыбиков эрдэмтний дурдсан чандмани ч биш байна. Монголчууд чандманий оройг хэзээ ч уруу нь харуулж зурахгүй. Чингэвэл нүгэл болно. Энэ нь зосон зураг байна. Европын эрдэмтэд агуйн зосон зургийг 40 000-аас 4000 жилийн өмнөх үеийнх гэж үздэг. Манай эрдэмтэд Монгол дахь хадны зосон зургийг 8000-аас 7000 жилийн өмнөх гэж тоолдог доо. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, миний бодлоор Кропоткиний саналыг эргэж үзүүштэй мэт. Ингэж хэлж байгаа минь их л бүдүүн зүрх юм даа. Над яагаад сонин юм тохиолдоод байгааг би мэдэхгүй. Түнхэнд Аршаан дээр ирсэн орой Явгаан бид хоёрыг Самайн Андрей гэж орос нэртэй гэж буриад эр биднийг гэртээ урьж цайлав. Сандал дээр нь сонины тасархай хэвтэж байсныг санаандгүй авч үзэв. Тэгтэл тэнд юу байсан гээ! Энэ сонинд “Шары-загадки” /“Бөмблөгө-оньсого”/ гэсэн гарчигтай өгүүлэл байх юм. “Тэнгэрсийн гольф тоглодог газар”, “Харь гарагийныхны илгээмж” гэсэн жижиг гарчиг нүдэнд тусав. Оросын алдарт жуулчин Обручев Байгалийн орчимд хүний гараар бүтсэн юм шиг чулуун бөмбөлөгөтэй таараад “Тэнгэрсийн гольф тоглодог газар” энд байна гэж хэлсэн гэдэг. Зарим нь хорин см-ын голчтой, зарим нь хоёр метрийн голчтой бөмбөлөг Уст-Илимээс бас олдсон тухай тэнд өгүүлжээ. Түүнийг Сергей Волков гэдэг эрдэмтэн очиж судлаад, харь гарагийнхны илгээмж гэж үзсэн тухай өгүүлсэн байна. Яг ийм бөмбөлгийг Коста-Рикад тариаланчид олсон гэсэн мэдээ буй. Эдгээртэй ив ижил аж. Тэгвэл хүний дайтай бус ч гэсэн тэврээд явж болох яг тийм бөмбөлөгийг Сэнсийн талд би үзэж, сонихон болохоор нь зургийг нь авсан. Гэтэл энэ тухайтад айлын хаях гэж байсан сониноос олж уншиж байдаг. Жигтэй биз? Тэгтэл “Чингис хааны узуур Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртө Чоно ажгуу” гэсэн “Монголын нууц товчоон”-ы эхний өгүүлбэр чихэнд хангинаад болдоггүй. Хий юм дуулдаг болж байгаа юм байх даа! Сүүлийн үес дэлхийн эрдэмтэд /Америк, Орос, Германы/ Гэрэг домгийн Зэвс тэнгэрийг харь гарагийн хүн гэж тайлбарлах болж. Мисир газрын цацыг босгоход харь гаргийнхан аргыг нь зааж өгсөн гэх болж. Бас харь гарагийнхан хүн төрөлхтний хөгжлийг ажиглаж, хазайх болоход нь засвар хийж байсан хэмээн тэд айлдах болж. Хачин шүү! Тэгвэл Алун гоогийн хэвлийд шингэсэн тэнгэрийн тэр гэрэл юу вэ?
Одтой тэнгэр
Орчиж бүлгээ.
Олон улс булха бүлгээ.
Орондоо үл орон
Гөрлөлдөн бүлгээ
Хөрстэй этүгэн
Хөрвөж бүлгээ.
Гүр улс булха бүлгээ.
Хөнжилдөөн үл хэвтэн
Хөрвөлдөн бүлгээ… тэр үед харь гарагийнхан хүн төрөлхтний хөгжлийг сайжруулах гэсэн юм биш байгаа…Нөгөө Аким чинь солиорчихож…гэж хэлэх хүн гарах л байх. Миний солиорох яах вэ, монголчууд маань саруул байвал! Би бол би л шүү дээ. Оюун сэтгэлэг маань цойлоод огт оргүйд тэнэж явна уу? Хүний сэтгэл гэдэг хөх тэнгэр шиг хязгааргүй билээ л. Гэвч бусдын өөлөх нь падгүй юм даа, над. Хүний хэлэх хамаагүй юм даа, над. Үзэж харснаа, сонсож дуулснаа, уншиж барьснаа л эрэгцүүлэн эвлүүллээ, яадаг юм! Сэнсийн тал…Нэрийн утга нь сэнс мэт тэдгээр эргүүлгэн оршуулганд байгаа юм биш биз? Эргүүлгэ…Эргүнэ…
Сэнсын сондой талада
Соло, магтаал дуудахан
Согто, Хайдаб үбгэдүүд
Хаанабта? гэж Цэрэнгийн Борис/Борис Сыренов/ гэдэг нэгэн буриад яруу найрагч халаглан бичжээ. Үгүй нээрээ, тэр өвгөд хаачив аа? Уулзаж сайхан хуучлахсан!
…Бид “анчны гаргасан тоом”-оор мухиралдан мацсаар. Бүрэн хаан мөнгөн очис харвуулан, “энэ гурав маань яаж шуухан явна даа” гэж халиасаар. Өмнө явсан Даш ламтан гэнэт “хүрээд ирлээ” гэж зарлав. Нэгэн үзүүр тойртол нээрээ элгэн улаан хад моддын дунд цухуйж байвай. Цагаа харвал яг хоёр цаг явжээ. Алдарт нүхэн даваа…Мөнөөхөн анчны өөр ертөнцөд орж омог аймгаа аварсан нүхт хад… Харин Бөртө Чоно нарын далан адуу, үхрийн ширээр хийсэн хөөргөөр хайлуулан гарч ирсэн хад мөн үү? Хадны нүхний байдлыг дороос нь буюу зүүн өмнө талаас нь үзвэл ханан хаднаа дөрөв таван метрийн өндөрт байх ажээ. Тэр нүхээр тэнгэр цэнхэрлэн харагдана. Түүгээр орвол бид тэнгэрт гараад явчих юм биш биз! Гэвч бидний аз дутжээ. Мөлхөхийн заяатай бидэнд нисэхийн хувь дутвай. Бид өгссөөр сэнжит хадны ёроолд очин, мацсаар баруун талынх нь цавчим халилын өмнөх дэвсэг дээр гарав. Анчны гаргасан тоом тэр ханан хад, нүхт хясаа хоёрын хоорондуур мушгиралдан огцом дээш оджээ. Үүгээр гарах өөр зам үгүй. Явгаан маань хясааныхаа оёорт үлдэн, цуураа татаж, Бүрэн хааны магтаалыг цуурдав. Цуурын аялгууг хажууд байгаа Нүхэн даваа бүү хэл өмнө байгаа Бүрэн хаан, тэртээ хойно буй Сэнсийн тал бүгд сонсон байгаа. Даш ламтан бид хоёр Нүхэн давааны оройн овоонд мөргөхөөр дахиад өөдөө авирав. Энд харин тун огцом ажээ. Овоонд нь хүрч, би Улаанбаатараас авч гарсан утлагаа гаргаж, Даш ламтан арц уугиулан, ном уншив. Молхи би тэр хооронд сөгдөж, монгол ёсоор зүрхээ даран, мөнх тэнгэрийн хөвүүн-наран зүг есөнтөө мөргөлөө. Тэнгэрийн Нүхэн даваанаас Мөнх тэнгэртээ мөргөж байгаа минь энэ. Чингэтэл Нүхэн даваа над ийм нэг түүх хүүрнэлээ.
“Эргүнэ гунд орсон энэ бөлөг иргэн тэр уулсын дунд, ой модны дотор олшроод, газар нь давчдах болж, энэ хавчиг шоронгоос гарах арга сүвэгчлэхээр хоорондоо зөвлөлдөжүхүй. Тэд уулнаас [боломж]ийн газар олсон нь, өөрсдийнх нь дандаа төмөр хайлуулдаг байсан төмрийн уурхай байвай. Тэд цуглаж, ойгоос гишүү, нүүрс авчиран бөөгнүүлээд, дараа нь далан адуу, үхэр төхөөрч, арьсыг нь хуулаад, тэр бүх ширээр дархны хөөрөг хийжүхүй. Хясааны ёроолд мөнөөхөн мөчир, нүүрсийг овоолж, хясааг үйрүүлэн бутлах гэхдээ далан том хөөргөө нэг зэрэг хөөрөгдөж болохуйцаар байрлуулсан ажаам. Чингээд хэмжээлшгүй их төмөр гаргаж, замыг нээгээд, түүгээрээ гадагш гарсан ажгуу. Тэд уйтан давчуу газраас уужим тэнүүн талд гарч иржүхүй.”
Нүхэн давааны над хүүрнэсэн энэ домог Персийн түүхч Рашидаддины “Шашдирын чуулган”-д буй. Чингэхдээ энэ шашдирч “Үнэмшиж болох сурвалжид өгүүлснээр бол…” гэж байгаад бичсэн байдаг. Тэр “үнэмшиж болох сурвалж нь юу вэ?” Алтан дэвтэр үү, Хасан хааны эрднэсийн санд байсан гар бичмэл үү, эсвэл Хасан хаан өөрөө юү, үгүй бол хамгийг мэдэгч Болод чинсан уу? Үүнийг үл өгүүлэн, хадны нүхний байдлыг дээд талаас нь үзвэл найман ханатай гэрийн буйрын хэр голчтой том хүнхэрхий байна. Гүнээрээ гурван метр хэр болов уу. Хадны нүх тэр хүнхэрийн яг доод амсарт байх ажээ. Морь малтай хүн уг хүнхэррүү буугаад, тэр нүхээр гараад явчихаж өлхөн болохоор. Гэвч цаад тал нь дөрөв таван метрийн эгц хана буй. Буух аргагүй. Тэр үед бууж болж ч байсан юм билүү, хэн мэдлээ. Мянга шахам жилд чулуу нурах, хад хагарах, жим балрах гээд юу эс болох вэ? Харин жим балраагүй байна гэж молхи би мунхагламуй. Учир нь зам харгуй байгаагүй үед эндхийнхний Аха ордог цорын ганц зам нь бидний мацаж ирсэн жим байжээ. Бөртэ чонын гаргасан зам биш үү? Мэргэн гэгээн Лувсандамбийжалцан “ Алтан товч”-доо
Мандал сайвар одогсдын эртний гагц эцэг
Манзушир бодьсадын нигүүлсэхүй салбар
Манлай эрхэм мөнх Бөртэ чоно хэмээгч
Манай энд заларч ирснийг мэдэгтүн гэж нэгэн сул шүлгийг шигтгээд, “Бөртэ чонын хорин есний хөвгүүн Батачи хан нь Тан улсын Дэ Цзуны Чжан Юань-ий хоёрдугаар он, улаан барс жил төрөв” гэж буй. Энэ он нь манай тооллын 786 он юм. Батачи хан Бөртэчонын хорин есний жилд гарсан болохоор 786-гаас 29-ийг хасвал 757 болно. Чингэхлээр Бөртэчоно 757 оны хүн байна. Жамбалдоржийн “Болор толь”-д ч Тан улсын үед амьдарч байсан гэж буй. Энэ нь манай эриний 610-907 онд тохирно. Чингэхлээр түүнээс хойш 1250 орчим жил өнгөрчээ. 1000 жилд хөрс доош суух ч юм уу, хад нурах ч юм уу, юу эс болох вэ? Молхи би яагаад Бөртэ чоныг дурдаад байна вэ? Өөрсдийнхөөгөө больё. Оросын Н. Я. Бичүрин эрдэмтний бичснийг сийрүүлсү. “Энэхүү уулын хавцал сэтлэн гарсан овог аймгууд нь Эргүнэ Гунгаас өөрсдийн өвөг дээдсийн хуучин нутгийг тэмцэн одсон бөгөөд тэднийг Бөртэ чоно хаан удирдан явсан байна” гэжээ. Харин молхи би “үүгээр гарч ирсэн” Бөртө Чоно дээдсээ дурсаж, бөв бөөрөнхий нүхний дэргэд зургаа татууллаа.
Даш бид хоёр бууж, кино зураг аван, замын явдлаа дуу хураагуурт нь ярьсаар суугаа Явгаан дээрээ ирэн, гурвуул тэврэлдэв. Хоёр халх, нэг буриад. Гурвуул монгол. Хатагин, хайрхан, хон хэрээд гурван овогтон. Гурвуул монгол. Тийм ээ, бид тэврэлдсэн. Жонлунмаагийн оргилд гарсан юм шиг. Хэрэв энэ монголчуудын гарсан нүхт хясаа мөн бол Монголын түүхийн Жонлунмаа мөн. Харин Ар Монголоос анхлан хөл анхлан тавьж байгаа нь Явгаан бид хоёр байх аа. Анхлан зам гаргагчид гэж хоёул онгирно. Үнэн юм чинь онгироход яадаг юм. Нүдний маань төвшинд харагдах Мөнх сарьдаг маань Монголын хоёр гүргэр өвгөнд мэнд дэвшүүлж баяр хүргэн мишээж байх мэт. Учир нь Даш маань бид хоёрт санаа их зовж, “Энэ хоёр өвгөн энд хүрч чадахгүй байх даа” гэж айж байснаа хожим нь үг алдсан. Өрөөл зүрхтэй, өрөөсөн хөлтэй бид хоёр шүд зууж байгаад гарсан минь энэ. Бүрэн хааны араас нэгэн нарийхан гол хавцал дундуур доош мушгиран буух нь чулуун ховилоор хайлсан мөнгө урсах мэт. Явгаан хэлж байна, “Би уг нь чамайг дагуулж явна гэж бодож байсан. Гэтэл чи намайг дагуулсан юм байна аа. Хавар Түнхэнд болсон уулзалт дээр л Нүхэн даваа, Эргүнэ гун гэж чи хашгараад байгаагүй бол би тоохгүй байх байсан юм байна” гэж байна. “Алдаагаа амархан ойлгож” гэж би хошигнов.
…Ингээд бид Бөртэ чонынхны “уруудсан”, анчин залуугийн өгссөн замаар эргэн уруудахаар болов. Миний айх нь, уулнаас буухад хамгийн хэцүү. Өвдгөөр хатгаад үүрүүлэхээс өөр аргагүй болж байсан удаа хоёр гурав бий. Гэвч Бүрэн хаандаа залбирав. Нүхэн даваандаа залбирав. Эргүнэ гунд залбирав. Уруудлаа. Дээр Мөнх тэнгэр. Дэргэд Мөнх Сарьдаг. Тэрүүхэн ард Нүхэн даваа. Тэртээ урьд Зааны соёо. Аль хэдийнэ айдсаа мартжээ. Сэтгэл тээр хойно үлдсэн Монголжин гоо уулын зүг нэгэнт одсон байлаа. Монголжин гоо уулын Зүрхэн уулс. Ийм уулс долоо гэж Явгаан хэлсэн. Үгүй олоон олон гэж Даш маргасан. Бидний араас сүү өргөн үлдсэн Зояа Сергеевна ч “олон” гэсэн. Дараа л очиж хэд байгааг нь үзэж ац хагалъя даа.Тэр ч яах вэ, Монголын нууц товчоон-д Харчугийн хөвүүн Боржигдай мэргэн Монголжин гоо гэргийт ажгуу” гэж гардаг нь сэтгэлд харваж байсан. Монголжин гоо нь Бөртэ чоноос хойш аравдах үеийн хүн юм. Харин энэ уул хэдийд ийм нэртэй болсныг хэн ч үл мэдэх. Горная Ока номд “XVII зууны дундуур л анхны буриадууд тийш очсон бололтой. Энэ үе хүртэл Уулын Аха эзгүй шахам байжээ. Урианхай, харгас, соёдууд л мал хуйтайгаа хаяа нэг зусахаар очдог байсан байна” гэж бичсэн байх юм. Тэд маань ирж очсоор байсан ахул юунд эзгүйрсэн байх вэ? Тэгтэл сэтгэл уржигдар хажуугаар нь өнгөрсөн Мон уулруу тэнээд явчихав.
Монгол гэдэг нэр энэ уулын нэрээс үүссэн гэнэ. Өөрөөр хэлбэл Мон уулын голынхон гэж байгаад уул нь орхигдож, Мон голынхон болж, улмаар агшсаар Монгол болсон гэнэ. Үүнд Явгаан бат итгэнэ. Аха нутгаас өвгө эцэгтэй өтгөс Бадарч гуай “Мон гэдэг чинь уулын бус, голын нэр. Мон гол гэдэг байсан юм” гэж над тайлбарласан. Гэтэл Рашидаддин шашдирчМонгол гэдгийн утгыг Монг-ол гэж галиглаад, “ард үл үлдсэн”, “гэнэн хүн” гэсэн түрэг үг мэтээр тайлсаныг бодвол Мон нь уул ч бай, гол ч бай, дээрх хоёр тайлал үнэнд нэлээн дөхүү гэмээр, бараг үнэмшиж болчихоор тайлбар юм даа. Рашидаддины Монг-ол нь Мон-гол байж болох бүрэн талтай. Мөн Мон-уул байж ч болох. Монгол бичгээр –о, -у хоёр эгшиг адилхан бичигддэг, монгол овогтон өөр өөрийнхөө аялгуугаар дуудаад явчихдаг шүү дээ. Бас –нг нь энхлэг байж ч болох. Мэргэн гэгээний “Алтан товч”-ид нэг Мондурдагдаж буй нь, “Эцэг өвөг нь ийм нэрт, тийм нэрт хэмээн нэрийг эс мэдвээс Моны газрын гээгдсэн хөвүүд адил хэмээжээ” гэж байх юм. Мэргэн гэгээн Мон-ыг Балбаруу шидсэн байдалтай. Гэхдээ Монгол гэдэг нэгэн утга аль алинд нь шингээстэй л байгаа юм. Харин Рашидаддин “…хоёр мянган жилийн тэртээх багцаанд улаан цайм дайсагналцан дайтсан цагаас л монгол хэмээн нэрлэгдэж иржүхүй” гэж бичсэн юм шүү. Хоёр мянган жил шүү! “Хамаг Монголыг Хабул хаан мэдэн ав (байв)” гэж МНТ-д бичжээ. Тэгвэл Түнхэнд Хабулын гол гэж бий. Харин аравхан жилийн өмнө хэлж байсан энэ нэрийг одоо Хаблай болгожээ. Харамсалтай! Хабул хаан нь Бөртэ Чоноос хойш хорьдох үеийн хүн юм. Ер Монгол гэдэг гэдэг нэрийн талаар эрдэмтэдийн хэд хэдэн таамаг бий л дээ. Намжилцэвээн, Жамбалдорж нарын гээд…Хэр оносоныг би мэдэхгүй. Тэр бүхнийг үл тоочив. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, бид өчигдөр галт уулын дэлбэрэлтээс тогтсон царцанги хайлмагийг очиж үзэж билээ. Төмөр ч яах вэ, хайлдаг. Чулуу хүртэл хайлсныг, төмөр, шороо юу л байна вэ бүгдтэй нь барьцалдан царцсаныг үзвээс дэлхий үүсч байхад энд хад чулуу хайлсан тугалаг шиг урсаж, улаан нурам эрчлэн хуйларч, үнс чандруу эргэлдэн хийсч, дуу чимээ нь нүрэглэн хадаж, битүү манан тэнгэр бүрхэн ямар аймшигтай, сүртэй юм болж байсан нь нүдэнд үзэгдэж байсан шүү.Арван зүгийн эзэн Гэсэр хаан энд Гал нурман хаантай байлдаж, ордныг нь хайлуулан, хад төмрийн урсгал болгон царцааж гэнэ. Энэ бол Гал нурман хааны ордны үлдэгдэл юм гэнэ. Аха нутаг Гэсэр хааны 1000 жилийн ойг ойрмогхон тэмдэглэсэн байна. Буриадад Гэсэр хааныг шүтнэ ээ шүтнэ. Аргагүй юм, монголчуудын дотроос Гэсэрийн тухай бүхэл бүтэн найраглал туурвисан овогтон бол эд нар юм биш үү? Гэсэрийн тууль хайлдаг олон сайхан туульч соёдуудын дунд байсан ажээ.
…Бид доошилсоор. Хамгийн таатай нь, энэ тоом хадгүй, хөвдтэй. Бидний доор Нүхэн даваа ноос дэвсэж өгөөд явуулаад байгаа мэт. Уруудахын хэрээр Бүрэн хааны цалин мөнгөн орой өндөрссөөр. Бодол минь дахиад л Эргүнэ гунруу эргэв. Эргүнэ гуны хаа байгаа тухайтад мэргэдийн санал өнөө болтол тогтсон юмгүй. Хүн хүний бодол, гүзээ гүзээний булан л бий. Өөрөөр хэлбэл дөрвөн санал буй. Нэгдэх нь гэвэл, Оросын түүхч Грумм Гржимайло “Эргүнэ гун лугаа төсөөтэй газар Дорнод Азид байхгүй, ганц Енисейн эхний гол нь зүг бүрээс өндөр уулаар хүрээлэгдээд, дорно зүгээс хүн явшгүй ой тайгаар бүсэлсэн, гадагш нэвтрэн гарах ба ороход бүмэн бэрхтэй газар тул Эргүнэ гүн лугаа адилтгаж болох мэт боловч монгол аймгийн язгуур нутгийг эрэлхийлэхэд Эргүнэ гун хэмээн өгүүлэх түүхийг хэрэгсэхгүй орхивоос зохино” гэжээ. Өөрөөр хэлбэл, нэлээд баруугаар Енисейн эхрүү заасан хэрэг юм. Хоёрдох нь гэвэл Монголын түүхч А. Амар сайд Зүрхийн халуун рашаанд орохоор очоод Охид, хүүхэд гэдэг уулыг ойрын уулан дээрээс хараад гайхамшигтай сүрлэг уул болохыг үзэж, нутгийн хамниган өвгөдтэй уулзаж, яагаад тийм нэртэй болсныг асуусан байна. Тэгтэл миний дээр өгүүлсэн “Шашдирын чуулган”-д өгүүлсэнтэй төсөөтэй домгийг хамниганы өвгөд түүнд ярьж өгчээ. Хүүрнэсү.
Эрт нэгэн цагт хамниган үндэстэн бусдад хядагдан алагдаад, ганц нэгэн айл хүмүүс охид хүүхдээ авчирч, энэхүү ууланд тавиад буцаж, гэр малаа авахаар явсан нь бас дайснаа алагдсан тул тэрхүү охид хүүхэд нь үхэлгүй хүмүүжиж олон болсоор багталцахгүй болж эргэн тойрон дахь нэгэн төмрийн уурхайт хадыг их түлээ овоолж, галдан хайлгаж урсгаад гарсан хэмээдэг тул үүний учраар Охид хүүхэд хэмээн нэршсэн гэдэг.
Амар гуай цааш нь бичихдээ, “дээр дурдсан Эргиний хун хэмээгч нь эрхбиш үүнийг хэлсэн мэт бөгөөд Эргэний хун хэмээсэн нь лав одоо хүртэл нэрлэгдэн буй Хунгийн голоор тийнхүү нэрийдсэн буй заа” гэжээ. Чухамхүү энэ газар хаа байгааг Амар гуай заахдаа “Онон, Хэрлэн, Зүрх, Минж зэрэг олон голуудын товчлох Хэнтийн нурууны баруун үргэлжлэл болох Охид, хүүхэд хэмээх нэгэн их өндөр уул бий. Энэхүү…уул болбаас олон их нурууны дээр эргэн тойрон хүрээлэгдэн тогтсон нь түүний аль ч талаас хүн гарч ороход бэрх цавчим эгц тийм нэг газар буй бөгөөд нэгэн үүд мэт нам газраар гөрөөчин хүн орж үзвээс, түүний дотор их л уудам зайтай, ихэхээн хот хүрээ багтж болмоор хэмээх ба түүний ар доороос Хунгийн гол хэмээх их гол урсаж гараад Шаралун хэмээн гол лугаа нийлж, Зүрх гол болон умард тийш урсана” гэжээ. Иймд Амар сайд Эргүнэ гунг Хэнтийн нурууны хойт үзүүррүү, нэлээд зүүгээр заажээ. Гуравдахь нь гэвэл, өнөөгийн Зүүн хойт Хятадад буй Эргүнэ мөрний хавь газар юм. Өвөр Монголын Сайшаал эрдэмтэн бичихдээ: “Эргүнэ хун гэдгийг одоо эрдэмтэд “Эргүнэ гол” гэж үзэж байна. Эргүнэ гол бол Хөлөн нуураас эх авч, Хар мөрөнд нийлж бүхий Номхон далайн усан системийн нэгэн гол юм. Нутгийн ардын уламжлалт яриа нь “Өргөн гол” гэдэг үгээс үүссэн нэр гэдэг” гээд Элдэндэй эрдэмтний Хөлөн буйр аймгийн доторхи зарим монгол түүхэн газрын нэрсийн тухай магадлалт” гэсэн өгүүллээс ишлэсэн нь “Өвөр Монголын Хөлөн буйр аймгийн нутаг дахь Биньчжоу төмөр зам (Харбинаас Манжуур хүрэх) дээр нэгэн “Жалө-мү-дэ” гэдэг галт тэрэгний өртөө буй. Түүнээс баруунш бараг, найм, есөн км зайтай арван зургадугаар халааны өртөө гэж байдаг. Энэхүү халааны өртөөнөөс хойгуур, Хайлаар гол зүүнээс баруунш урсаж байна. Голын араар нь уул нуруу үргэлжилсэн довлог газар юм. Түүний дотор нэгэн хорь, гучин метр өндөр цавчим хад буй. Нутгийн ард үүнийг “Эргин хад” гэдэг” гэж бичсэн байна. Энд хятадууд олон улсын зочидыг татах маш том цогцолбор байгуулж байна. Тэр ч байтугай манай “Монгол Улсын түүх”-энд ч Аругуны нуруу буюу Эргүнэ мөрнийг гэж бичсэн ажээ. Дөрөвдөх нь энэ Аха нутаг мөн. Буриадын эрдэмтэн П. Б. Коновалов, Буриад улсын Төрийн шагналт зохиолч, хэл бичгийн ухааны доктор Б. С. Дугаров, Н. Г. Доржиев нарын бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний анги Ахын нутагт очиж үзээд, энэ бол монголчуудын сууж байсан домогт Эргүнэ гун” байж магадгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Гаргасан үндэслэлүүд нь жаахан мөчид гэмээр. Гэвч би тэдэнтэй маргахыг үл хүснэ. Молхи бичээч би ч нэг их сүртэй амьтан биш боловч энэ газрыг нүдээр үзэж байгаагийн хувьд монголчуудын авралын орон болсон ариун Эргүнэ гун мөн байх талтай л гэж хэлэх гээд байна даа. Нүд үнэнч, чих худалч гэдэг. Гэвч яагаад тэгэж хэлэх гээд байна вэ?
…Бодолдоо дарагдаж явж бүдрээд, бургилан эрчлэх Цагаан Эрхүүрүү хийсчэхвий дээ. Үгүй дээ, Нүхэн даваа ч, Мөнх сарьдаг ч, Цагаан Эрхүү ч Халхын өвгөнийг тосоод л авна. Бид жимээ түр алдав. Явгаан маань “бид буруу явж байна, энэ гахайны гаргасан жим байна” гэдэг байгаа. Молхи би гахай газар хадардагаас биш, жим гаргадгийг дуулаагүй ч үгэнд үнэмшиж байгаа ч юм уу жимээсээ ялихгүй хазайж, явсаар цавчим халилд тулав. Сохорсон биш завшив гэгч боллоо. Нүдний өмнө цэлсхийсэн нь, Хар, Цагаан Эрхүү уулзалдаад, их уулсын дундуур угалзлан алслаад, Ангар мөрөнтэй тэврэлдэн, их усаа Хойт мөсөн далайд хүрэхээр одож байна.
Эрхүү хархүү Ангар бүсгүйд сэтгэлтэй болжээ. Гэтэл Байгаль эцэг Ангар бүсгүйг Эрхүүд өгөхөөс татгалзаж, хилгэнэхдээ бүсгүйн замыг хаан нэгэн том чулууг түүний мөрт чулуудсан гэнэ. Гэвч хайр сэтгэлийг дийлэх хүч хаана байх вэ, Ангар бүсгүй уг чулууг тойрон гарч, Эрхүүтэй нийлэн, умар зүг одсон гэнэ.
Эрхүү…Эргү-нэ…Монгол бичгээр бичвэл эдгээр үгийн үндэс ав адилхан бичигдэнэ. Тийм ээ, монгол бичгээр бичихэд, эрхү ч гэж, эргү ч гэж уншиж болно. Хэл шинжлэлийн үүднээс үзэхэд ийм юм. Ийнхүү Эргүнэгийн нэрийг өдгөө хоёр Эрхүү хадгаланхан урсана биш үү?! Сэнсийн тал нь зүүн болон зүүн хойгуураа Зүүн Соёны их уулс, баруун талаараа Тагнын их сарьдаг, өвөр талаараа Их Соёнын нурууны дунд орших давчхан талбай байна. Өөрөөр хэлбэл Рашидаддины өгүүлсэн тэр газрын тодорхойлолтод Сэнсийн тал тохироод л байна даа. Грумм Гржимайло “Эргүнэ гун лугаа төсөөтэй газар Дорнод Азид байхгүй” гэсэн боловч над бол Сэнсийн тал нь эргүүлгэн их уулсаараа шашдирын Эргүнэ гуныг санагдуулаад л байна даа. Өнөөгийн шинжлэх ухааны хэлээр хэлбэл, газар зүйн байрлалаараа гэх юм уу да. Энэхүү Сэнсийн талд байсан эртний булшны хэдэн зургийг авч ирээд, археологич Д. Эрдэнэбаатартаа үзүүлбэл “Нэг нь яахын аргагүй эртний монгол булш байна” гэж дуу алдлаа. Энэ булш ганцаараа бус нь тодорхой. Эртнийдээ хэдий үеийнх вэ? Мөн эргүүлгэн булш хэнийх вэ? “Гэсэрийн сум” юу зааж байна вэ? гэх мэт олон асуулт таамаг төдий үлдэв. Тэр бүхнийг археологийн судалгаагаар л тогтоох нь дамжиггүй. Рашидадин “Монгол хэлээр хиан [qiyan] гэдэг нь улаанаар эргэлдсэн ус, уулаас доош газарт шуугин бууж буй уруй мэт эрчтэй, түргэн, хүчтэй гэсэн утгатай. Хиан нь эрэлхэг, хатан зоригтой байсан тул энэ үг түүний нэр болжухуй” гэснийг дээр дурдсан. Өнөөгийн Ахын голыг буриад аялгуугаар Ахайн гэнэ. Х-гийн өмнөх а-г нь авчихвал хаинболно. Хиантай мөн ч төстэй дуулдаж байна аа даа. Зөвхөн төстэй дуулдаж байгаа нь шинжлэх ухааны баталгаа болж чадахгүй л дээ. Гэвч би батлах гэж оролдсу. Х-гийн өмнө эгшиг нэмэгдэх үзэгдэл монгол хэлнээ элбэг тохиолдоно. Ганцхан жишээ дурдахад, Хоо Маралын Хоо-г халх аялгуунд ухаа гэж өдгөө дуудаж байгаа. Өөрөөр хэлбэл, -хгийгүүлэгчийн өмнө у– эгшиг нэмэгдэж. Арынх нь –оо нь –аа болчихож. Аман аялгуунд шүү дээ. Тэгвэл дүрвэд, урианхай аялгуунд хоо гэдгээрээ байгаа. Зарим хүн хайн бусхиан байна гэж маргаж болох ч оо нь аа болж байхад иан нь айн болоход энүүхэнд гэж өөрийгөө өмөөрч болно. Мянга долоон зуу гаруй жилд хэлэнд ямар ч хувирал гарч болох гэж мунхагламуй. Ер монголчууд уул усаа хүнээр нэрлэх, уул усныхаа нэрийг хүнд өгөх нь ерийн юм. Ухаа нь, Атилла хааны нэр нь Итил буюу Ижил мөрний нэр гэнэ. Үүнийг Мажарын монголч эрдэмтэн ………..Мөн домог ч бай, үнэн ч бай, далан бухын ширэн хөөргөөр хайлуулан шургасан ч бай, дайчин овгоо дагуулсаар хажуугийнх нь тоомоор шүргэн өнгөрсөн ч бай, Бөртэ чоныхны гарч ирсэн гэгдэх морьтой хүн элбэгхэн багтах нүхтэй хясаа Нүхэн даваа нэртэй болоод энд байгаа юм биш үү? Эрхүү голыг уруудахад Ихгун, Халагун, Харагун нэрт цутгалангууд түүнд шуугин ирж нийлнэ. Эдгээр гун нь Эргүнэ гунгийн –гун-ыг зааж байгаа юм биш биз ээ?! Өдгөө бид монголчууд гэж дэлхийд нэрээ дуурсгаж яваа нь өвгө дээдсийг маань өвөртөө нуусан Эргүнэ гун хэмээх ээлтэй орны ач болой! Соёд зоны маань гал голомтоо сахиж, аж төрөн суугаа энэ газар! Ачтай ээлтэй энэ газрыг Чингисийн алтан ургийнхан мартаагүй байдаг. “Алун гоогийн эр Добун баян хианаас, Алун гоо нь гороласаас гарсан, дээр өгүүлснээр Чингис хааны уг сурвалж тэдэнрүү эргэж байгаа учир төмөр хайлуулах буюу төмөр дархлахыг үл умартмуй заа. Шинэ он шилжрэн ирэхүйд шөнө нь Чингис хааны ургийнхан дархцуулыг цуглуулж, дарханы хясаа, модны нүүрс авчирч байгаад, хэсэг төмрийг улайсгаснаа дөшин дээр тавиад алхаар сунган давтаж, [уулнаас гарсан]даа баярлаж байгаагаа илэрхийлдэг заншилтай ажгуу” гэж Рашидаддин бичжээ. Бид ч умартах учиргүй юм аа. Тийм ээ, би Монголчуудыг аварч үлдсэн Эргүнэ гун энэ байна гээд хэлчихъе. Хатагин би буруутвал буртуутна л биз, Хамаг Монголын түүх буруутах биш! Гэхдээ эцсийн цэгийг археологийн судалгаа л хатгана даа!
…Бид гурав эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэж, эмэгтэй лам шиг шалвалзаж, эрээн могой шиг гулбалзсаар Нүхэн даваанаас бууж, Номун хүрдэн суварган дээрээ ирлээ. Лут байгаа биз! Даш маань хэлж байна, “Та хоёр айhтар үбэгэд гээш. Би та хоёрые зам соогоо л мухирших байх гэж hанаа” гэж инээсэн. Халхын өвгөд гүргэр гэдгээ би дээр хэлсэн дээ. За тэр ч яах вэ? Бөртэ чоно “хад хайлуулж” Эргүнэ гунаас гараад, хаашаа эргэсэн вэ, Бурхан халдунд хэрхэн ирсэн вэ? гэсэн хэд хэдэн асуулт гардаг. МНТ-д “Тэнгис гаталж ирэв” гэсэн байгаа. Тэр “тэнгис” хаана байна вэ, гол уу, жинхэнэ тэнгис үү? Номч мэргэн Ренчин багштан Лев Гумилев эрдэмтэнд бичсэн нэгэн захидалдаа Хөвсгөлийн Шишигэд хавьд байх Тэнгис нэрт уулын голыг гэсэн нь бий. Ингэхлээр Нүхэн давааг Бөртэ чонын гарч ирсэн даваа мөн гэж үзвэл тэднийхэн эндээсээ чанх баруун тийш эргэсэн болж таарч байгаа юм. Гэтэл эндээс шууд баруун тийш эргэх ямар ч боломж байхгүй. Хөлгүй шахам анаг ангал тулна. Эрхүүг даган явж байгаад нэлээд доогуур баруун тийш эргэх зам олсон байж болох боловч мөрт нь Хөвсгөл нуур, нуурт цутгадаг олон уулын голыг гатлаж, Тэнгис голд хүрээд, гатласан бол баруун тийш гатласан байж таарна. Зүүн тийшээ биш! МНТ-д бол тэдний зам зүүн урагш чиглэж, Тэнгис гатлаад Бурхан халдунд ирсэн тухай өгүүлээд байгаа. Мөн өч төчнөөн уулын ширүүн гол мөрт нь таарч байхад ганц Тэнгис голыг дурдана гэдэг хачирхалтай. Иймд молхи миний бодлоор бол Эрхүү голыг даган уруудсан биз ээ. Хар, Цагаан Эрхүү нийлээд Эрхүү болон доош урсахад хөндий нь ихээ уужимсана. Ийнхүү Бөртэ чоно гэргий Хоо маралын хамт албат иргэдээ дагуулаад Эрхүү голыг даган уруудаж, Ангар мөрөн хүрчээ. Тэгээд Байгаль нуурыг ямар нэгэн байдлаар гатласан байна. Байгаль нуурыг эрт дээр үед Тэнгис гэж нэрлэдэг байсан гэдэг. Ер Эргүнэ гунгаас гарч ирсэн гэгдэх олон овог Байгалийн зүүгээр нутаглаж байсан тухайтад МНТ болон Шашидрын чуулган-д тов тодорхой өгүүлсэн бий шүү дээ. Мөн дээр өгүүлсэн Гэнэн хутагтын Аха орсон замыг бодогтун! Молхи би ийм нэгэн таамналыг бөх зүрхтэйгээр дэвшүүлж байна аа!
Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг юм гэнэ билээ. Бядан явсан тэнэгийн тэмдэглэл ийм болой. Явсан нохой яс зуудаг юм гэнэ билээ. Явсан нохой миний зууж ирсэн “яс” ийм болой.
- * *
Наху гуны дэргэд чих мялаасан алтан амны бэлгээр эрхэм нөхөр Явгаантайгаа “дөрөө харшуулж”, манийгаа сэтгэлийн найраар энд хүргэж ирсэн Даш ламтайгаа “зуузай холбож”, гурвуулаан ганзага нийлж яваад, Эргүнэ гуныг сурвалжилсан /Явгааны өргөмөжилсөн цолоор “Чандмани баг”-ынхны/ аялал ийнхүү дууслаа. Үгүй ээ, дуусаагүй!..
Мөнх тэнгэрийн элчээр цолгорсон
Цалин мөнгөн Бүрэнхаанд мөргөв, би
Монголын түүхийг элэгсгээр хүүрнэсэн
Цал буурал Эргүнэгунд бишрэв, би
Хайрхан та нарыгаа
Харьд алдсан биднийгээ өршөө, өршөө гэж өврийнхөө дэвтэрт шалавхан бичвэй.
Аха-Түнхэ-Улаанбаатар.
0 commentaires:
Enregistrer un commentaire