lundi 11 janvier 2016

Хонь тойглох - ”Тойг”


Монгол ухаанаас ивлэсэн ”Тойг”




       Монголчуудын амьдрал таван хошуу малтайгаа хүйн холбоотой. Тийм ч учраас малаа үржүүлж өсгөхийг ихэд дээдэлдэг. “Төлөөр баяждаг” гэсэн ардын цэцэн үг ч бий. Үүний нэг бол төл тосох ажил болно.
      “Хүлэг болгон жороогүй” гэдгээр төл тосох, мал төллөх үед хонь хургаа голж хөхүүлэхгүй байх тохиолдол олонтаа гардаг. Тухайлбал, зарим нь хөдөө хээр төллөөд таньж байсан ч малчид төлийг нь уутлан авчраад малын хашаанд тавьж,  хонь хургалсны дараа хургыг эхээр нь долоолгоогүй буюу хурганы биед өөр ямар нэгэн онцгой үнэр шингэсэн зэргээс болж хонь хургаа голдог. Заримдаа нас гүйцээгүй төллөсөн хонь голомхой байдаг билээ. Төлөө голох байдал гармагц малчид түүнд тохиромжтой арга хэмжээг авна. Жишээлбэл, гологдсон хургыг эхтэй нь хамт хашаанд хашиж орхих, эхийнх нь сүүг гологдсон хурганы бие дээр цацаж үнэртүүлэх, гологдсон хурганы сүүлэнд шүү /хужир шүү/ түрхэж эхээр нь долоолгох, эхийг нь хүзүүдэж байгаад хургыг нь хөхүүлэх зэрэг аргуудыг хэрэглэдэг. Үүний зэрэгцээ уян зөөлөн аялгуугаар “Тойгийн дуу”-г дуулдаг.
Төлөө голсон хонинд:
Хундан цагаан хонь минь
Хураагаа юунд голоо вэ?
Сүүний чинь үнэр
Сүүлэнд нь байна шүү дээ
Хос ! Хос ! Хос
Хаврын цаг боллоо доо
Хажуугийн цас ханзарна даа
Хавсарга салхи гарна даа
Хажууд чинь юу хэвтэх вэ дээ!
Тойг! Тойг! Тойг!
Урин цаг ирнэ дээ
Уулын ногоо ургана даа
Уураг сүү чинь чинэнэ дээ
Урдаас чинь юу чинь угтах вэ?
Тойг! Тойг! Тойг!
Дэлгэр зун болно доо
Дэлхийн ногоо ургана даа
Дэлэн хөх чинь чинэнэ дээ
Түүнийг чинь юу хөхнөв дээ!
Тойг! Тойг! Тойг!
Эхний бадгийн “Хос” гэж байгаа нь эх төл хос болтугай гэж дахин дахин дуудаж байна. Хонь хургаа хөхүүлэхгүй дэвхрэх үед “Хос” гэж ярьдаг.
Бусад хувилбарт:
Ангир шувуу ирэхэд
Ардаа юугаа дагуулах вэ
Аяган чинээ дэлэнг чинь
Арын шувуу хөхөх үү?
Тойг! Тойг! Тойг!
Тогоруу шувуу ирэхэд
Ардаа юу дагуулах вэ?
Тогоон чинээ дэлэнг чинь
Тоодог шувуу хөхөх үү?
Тойг! Тойг! Тойг!
Энэ мэтээр эх хонинд хургаа хөхүүлэхийг ятган тойглодог. Доорх мэт эх хонийг сануулах дуу ч бий:
Жигүүртэн шувуу ч болсон
Хүүгээ дагуулдаг
Чиний хүү биш юм уу?
Чи юугаа дагуулах гээв?
Пай, пай!
Тайгуу! Тайгуу!
 “Тайгуу” гэдэг нь тойг гэсэн үгийн адил бөгөөд нутгийн аялгуу юм. Хонинд бол “Тойг, тойг”, ямаанд бол “Чайг, чайг” гэх нь олонтаа байдаг. Эдгээр нь бүх монгол нутагт нийтээр тархаж байгаа “Тойгийн дуу” болно.
 “Газар газрын зан, гүзээ гүзээний булан” гэдгээр зарим нутгаар жаахан ялгаатай байдаг. Улаанхадын Ар Хорчин хошууны Сайхантал сумын Оюумаа гэгч малчин “ Тойгийн дуу”-даа:
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Зусаг дээрээ төрөөд чи
Зулзага төлөө голочих вуу!
Жаахан төл чинь өлбөрлөө шүү
Зүрх сэтгэлдээ бодоорой!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Монгол хүний мал байж
Мунхаг загнах чинь юу вэ?
Малчин хүний мал байж
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Энэ биеийн чинь төл шүү
Эгдүүтэй бүү загнаарай
Эх нь болсон мал шүү чи
Энэрч санаад аваарай!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Өргөн талдаа бэлчвэл
Үнэт эрдэнэ адил шүү
Үр төлөө саначихвал
Үржилт сүргийнхээ чимэг шүү!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
*** *** ***
Өөр нэгэн хувилбарт:
Урьхан хавар болсон шүү
Урьхан цас хайлсан шүү
Ууртай халзан зусаг минь
Ууган хургаа аваарай
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Хаврын дулаан болсон шүү
Хайлын цас хайлсан шүү
Хар халзан зусаг минь
Хайртай хургаа аваарай
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Тойг! Тойг! Тойг! Тойг!
Ойрд монголчууд:
Дэлэнгүй шувуу
Дэгдээхийгээ дагуулахад
Дэлэнтэй чи
Юугаа юугаа дагуулах вэ?
Тойг! Тойг! Тойг! Тойг …
Гологдсон хургыг ингэж эхэд нь авуулахаар барахгүй эх үхсэн өнчин хургыг бас хайдаг хонь, сүү сайтай хонинд эдгээр аргаар даллан хөхүүлж авуулдаг. Ялангуяа үхсэн хурганы арьс нөмрүүлж байгаад үхсэн хурганы эхэд үнэртүүлэн хөхүүлбэл их амархан эндүүрэн авч хөхүүлдэг.
Хонь тойглох бол монголчуудын өнө удаан жил хуримтлуулсан бусад үндэстэн угсаатнаас ялгагдах мал маллах соёлын зан үйл онцлогийг ил тод харуулсан нэгэн зүйлийн ажиллагаа болно.

Эх сурвалж:

Солонго Мэдээллийн төв

Share:

Үндэстний дээлээрээ гоёсон Барга хүүхдүүд

Шинэ Барга зүүн хошууны Амгалан нэгдүгээр бага сургууль “Үндэстний дээлээрээ гоёж, үндэстний хэлээрээ ярих” сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулав.
 ӨМ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны Амгалан нэгдүгээр бага сургууль “Үндэстний дээлээрээ гоёж, үндэстний хэлээрээ ярих” сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулсан ба сар бүрийн сүүлийн долоон хоногийн 2 дахь өдрийг “Үндэстний дээлээрээ гоёж, үндэстний хэлээрээ ярих” өдрөөр тогтоов. Сүүлийн жилүүдэд Шинэ барга зүүн хошуу үндэстний уламжлалт соёлын өвөө дээдлэн хамгаалж, уламжлан хөгжүүлэхийн төлөө сургуулиудад монгол уртын дуу, морин хуур, монгол уран бичлэг зэрэг хичээлүүдийг шинээр нэмж оруулсан байна. 
Share:

БАРГА1

БАРГА



2010 оны хүн амын тооллогоор 2989 барга ястан бүртгэгдсэн. Эртний Монгол удмын аймгуудын нэг нь баргачууд юм. Дундад эртний түүхэн сурвалжуудын мэдээгээр Баргын уг язгуур нь Байгал нуурын Баргажин түхэм, Хөлөнбуйрын орчмоор бусад монгол хэлтэн аймгуудтай айл зэргэлдээ нутаглаж байжээ. Судлаачид Тан улсын үед Ба-еэ-гу хэмээх нэгэн хүчирхэг аймаг байсан нь Барга аймаг мөн хэмээн үздэг.

Судлаачдын тэмдэглэснээр баргууд XI-XII зууны үед Байгал нуурын зүүн эргийн Баргужин төхөм хэмээх газраар нутаглаж байсан бөгөөд МНТ-нд: "Хори түмэдийн газар Ариг уснаа Хорилардай мэргэний Баргужин гуа-гаас төрсөн Алун-гуа охин” гэжээ. Алунгуа нь Чингис хааны арван нэгдүгээр үеийн дээд өвөг Добу мэргэний эхнэр юм. Рашид-Ад Дин Сэлэнгэ мөрний хавиар нутагладаг ардыг Баргууд, Баргужин гэж нэрлэдэг хэмээн дурдсан байдаг бөгөөд Монголын түүхэнд БаргудХориТулас аймаг нь хоорондоо ойр төстэй ба Сэлэнгийн зүүн этгээдийн Баргужин түхүмд хамт байжээ.



XIII зууны эхээр Монгол угсааны олон аймаг нэгдэх үед Байгал орчмоор нутаглаж байсан нүүдэлчин аймгууд 1207 онд Их Монгол Улсын харьяанд, дараа нь Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн угсааныхны мэдэлд орж, 1368 онд Юан улс мөхсөний дараа шинээр үүссэн Дөрвөн Ойрадын холбоонд Барга аймаг орж байжээ. XY зууны үед Ойрадууд баруун зүг нүүдэллэхэд Барга, Буриад аймгууд Батмөнх Даян хааны харьяат зургаан түмэн монголын Зүүн гурван түмний нэг Урианхай түмний бүрэлдэхүүнд багтаж, Сэлэнгэ, Байгал, Онон, Хөлөнбуйр, Хянганы нурууны хооронд нутаглаж байжээ. XYI зууны үед Урианхай түмэн хуваагдсанаар Барга, Буриад нь Халх түмний харьяалалд орж, улмаар Халхын Түшээт хан, Засагт ханы захиргаанд хамаарагдах болжээ. XYIII зууны эхээр зохиогдсон "Алтан хааны тууж” хэмээх зохиолд Алтан (1507-1522) хааны үед Юншөөбү, Түмэдийн дотор барга иргэн багтаж байсан тухай тодорхой тэмдэглэжээ.


Баргачууд түүхийн тодорхой хугацаанд Сэцэн хан аймгийн нутагт оршин сууж бэйс Жанчивдоржийн хошуунд харъяалагдаж байхдаа Галдан бошигтын эсрэг дайнд оролцож, улмаар Манжийн хаанд захиргаанд орохдоо Хөлөнбуйрын нутагт суурьшин нутаглах зарлиг хүлээжээ. Ийнхүү 1734 онд Хөлөнбуйрт нүүдэллэн очиж манж найман хошууны зохион байгуулалтад орсон байна. Манж найман хошууны зохион байгуулалт гэдэг бол засаг захиргааны нэгж хошуу бөгөөд "цэрэгт барьдаг” тугийн өнгөөр нэрлэгдэнэ. Барга найман хошуу нь хөвөөт цагаан, хөвөөт хөх, хөвөөт улаан, гүл хөх, гүл цагаан, гүл шар, гүл улаан гэх нэртэй болсон байна.

Богд хаант Монгол улс байгуулагдахад 1912 онд Баргад Манж-Хятадын эсрэг бодлого гарч өөрсдийгөө Богд хаант Монгол улсын харьяат хэмээн зарласан байна. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр баргуудыг хятадын бүрэлдэхүүнд хэвээр үлдээжээ. Энэ үеэр барга, буриадууд дорнод хилээр Монгол нутаг руу уван цуван нүүдэллэж эхэлсэн билээ. 1945 онд нүүж ирсэн баргууд Дорнод аймгийн Хөлөнбуйрт суурьшсан ба хүний тоо 1000 орчим, малын тоо 89 мянга орчим байжээ. Баргачууд эдүгээ Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянцагаан, Завхан аймгийн Их-Уул, Ургамал, Сантмаргац, Сүхбаатар аймгийн Уулбаян, Баянтэрэм зэрэг сумдад аж төрж байна.

Барга эрчүүдийн дээл нь өргөн захтай, энгэр нь дугуйвтар бөгөөд тавиу өргөн, нударга бүхий урт ханцуйтай, хормой нь дугуйвтар өргөн, зах энгэр нь дан эмжээртэй байх нь нийтлэг. Дээлэн дээр суран ба даавуун бүс бүсэлдэг. Суран бүсийг адуу, үхрийн ширээр хийж, гадна талыг төмөрлөг эдлэлээр товруу гаргаж гоёдог уламжлалтай. Бүсний өнгө хул шар, улбар шардуу байх нь элбэг. Даавуун бүсийг эр хүн шөнө унтахдаа аман хүзүү (халх) зангиагаар зангидаж дэрнийхээ доод талд тавьдаг заншил нь салсныг эвлүүлэх, алив задгайг бэхлэн батжуулах бэлгэдлийн утгыг агуулдаг.

Нөхөрт гарсан барга эмэгтэй хүн түнтгэр ханцуйтай эхнэр дээл өмсөнө. Ханцуйнд хуниастай хоргойгоор нударга хийж гоёдог. Эхнэр дээл уужтай, ууж нь таван мөнгөн товчтой, уужны хажуу талд богос оёж хоргой туузаар чимэглэнэ. Уужны энгэр талыг өргөн хоргойгоор эмжиж, хоёр ташаанд нь оноо гаргадаггүй байна.









Барга гутал нь буриад гуталтай төстэй, хамар нь шантгаргүй, гутлын зулагт тахир угалз, зуузай ба шагайд пүүз тавьж гоёх ба ирмэг улыг эсгий, даавуугаар ширж хөмөөр уллана. Бойтог гутлыг хонь, ямааны арьсаар зулаглаж оёно.

Элдээ мууз малгайтай барга эрчүүд: Барга ястангууд нь Дорнод, Сүхбаатар, Төв, Завхан аймгаар аж төрдөг. Баргуудын хувцас гоёл нь олон талаараа Монголчуудынхтай төстэй боловч өөрийн гэсэн өвөрмөц онцлог төрх хэв маягийг бүрдүүлэн уламжилж иржээ. Барга эрчүүдийн малгай хэд хэдэн төрөлтэй. Тэд "элдээ мууз” хэмээх сампин тав хадсан босоо өндөр оройтой, дөрвөн чихтэй, залаагүй үнэгэн болон хурган үстэй малгай, "маахууз” хэмээх нилээд эртний хэв маягтай, юүдэн шиг оройтой, үс хадсан малгайг өвлийн улиралд өмсөж байжээ. Харин зун нь эсгий малгай эсвэл цагаан өнгийн алчуур толгойдоо зангиддаг байжээ. Мөн буриад гуталтай төстэй, мөлгөр хоншоортой гутал өмсөж байв. Энэ гутлын зулагт угалз, зуузай болон шагайд пүүз хээ тавьж гоёдгоороо ялгагдна. Түүнчлэн Барга эрчүүд алт, мөнгөн бөгж зүүж, хэт хутга, бэл хөөрөгний сав даалин, хавтага, цагаан хашин гаанс хэрэглэдэг байжээ.




             
    
 



Барга эхнэрүүд үсний гэр хэрэглэдэггүй байжээ: Барга бүсгүйчүүд толгой, үс, ар өврийн болон мөрний гуу, ээмэг, бугуйвч, бөгжөөр гоёдог ба уужны хоёр ташаандаа алт мөнгөөр хийсэн хаан бугуйвч, хатай сүйх хэлбэртэй бэл, эргэн тойрон шүрэн шигтгээтэй хавчиг татуур хэмээх толгойн зүүлт зүүдэг байжээ. Хавчиг нь үс хавчихын зэрэгцээ нүүрний хажуугаар дугуйрах зориулалттай гоёл юм. Энэ үс засалт нь Барга эхнэрийг бусад ястнаас ялгаруулдаг. Үсний угаар хавчих эхний том хавчгийг "зантгар” гэдэг. Бусдыг нь нарийн савхан хавчиг гэх бөгөөд зөвхөн нэг талын үсэндээ 9-14 ширхэг хавчиг зүүдэг, хавчиг доошлох тусмаа богиносдог ба төгсгөлд нь туйв байх юм. Туйваар даруулаад үсний үзүүрийг гурав сүлжиж энгэр рүү урагш унжуулна. Барга эхнэрүүд бусад ястны эхнэр шиг үсний гэр хэрэглэдэггүй, үсний үзүүрээ ил байлгадаг онцлогтой.
(Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл номоос,,,,)


Share:

jeudi 7 janvier 2016

Монголын түүхийг зохиомол гэж дүгнэсэн Оросын кино

ОХУ-ын нэр бүхий судлаач, уран бүтээлчдийн бүтээсэн "Чингис хаан- Хууран мэхлэлтийн хоёр зуун" баримтат киног толилуулж байна. Уг киног "ETV" телевизийн кино алба орчуулжээ.

  Монголын түүхийг зохиомол гэж дүгнэсэн Оросын кино

Чингис хаан- Хууран мэхлэлтийн хоёр зуун баримтат киноны шүүмж

 XIII зуунаас монголчууд хүчирхэгжин Солонгосын хойгоос Зүүн европ хүртэлх өргөн уудам газар нутгийг эзлэн эзэнт улсуудаа байгуулж байсан билээ. Тиймээс ч Чингис хааныг монгол бус түрэг, тэр дундаа казак хүн байсан, мөн Юань улсыг Хятадын төрт улс гэхчилэн түүхийг илт гуйвуулан бичих явдал цөөнгүй байдаг.

 Гэтэл сүүлийн үед Орост Монголын эзэнт гүрэн гэж огт байгаагүй, энэ бол хэн нэгэн этгээд уран зөгнөлөөрөө зохиосон зүйл, Монголын нууц товчоо бол ямар ч үнэ цэнгүй зохиол гэх үзэл гарч байна. 

 Жишээлбэл, Оросын Чингис хаан-Хууран мэхлэлтийн хоёр зуун баримтат кинонд Монголын эзэнт гүрэн гэж огт байгаагүй хэмээн дүгнэсэн байна. Ингэхдээ

- 200 гаруй жил Оросыг колончилсон атал яагаад одоогийн орос хүмүүст монгол төрх үлдсэнгүй вэ? Түүнчлэн монголчуудын ДНК яагаад оросуудаас илрэхгүй байна вэ?   

- Монголчууд ямар зорилготой Русь буюу Орос руу халдан довтолсон бэ?

- Үнэн хэрэгтээ монгол морьд, цэргүүд энэ хол замыг туулаад ирлээ гэхэд цааш аялан байлдах чадваргүй болтлоо ядрах байсан. 

- Ямар ч газрын зураггүйгээр, таньж мэдэхгүй газраар монголчууд давшин ирэх ямар ч боломжгүй. 

- Монголчуудын төрийн бодлого нь бичиг үсэг мэдэхгүй хүмүүсийн гаргаж чадах бодлого биш 

- Монголын нууц товчоо үнэ цэнтэй зохиол бус, Монголчуудын түүх зөвхөн харь орны хэл дээр бичигдсэн гэх зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн авч үзжээ. 

Энэхүү баримтат киног ЕTV телевиз монгол орчуулан хүргэсэн билээ. 

 Үүний дараа сайтуудад тавигдсан энэхүү баримтат киноны доорх сэтгэгдэлд нэгэн эрхэм “Unen zuil bichjee Chinges khaan gedeg bol ulgeriin l baatar Khezee neg tsagt iim shinjlekh ukhaanii undesleltei nyatsaalt garch irj bna” [https://www.dorgio.mn/post/36547, 2016.01.05, 09:50] гэсэн байна. 

 Энэ мэтчилэн түүхээ буруу ойлгох, үл итгэх явдал хүмүүсийн дунд гарч болзошгүй.

 Тэгвэл эдгээр асуудлууд нь Шинжлэх ухааны үндэстэй няцаалт болж Монголын эзэнт гүрэн байгаагүй гэдгийг баталж чадах уу, няцаалт олдохгүй гэж үү? 
 Мэдээж хэрэг олдоно. 

 1. МОНГОЛЧУУДЫН ДНК 
 Генетикчид 2000 оноос Монгол хаадын буюу Чингис хааны У-ДНК судалгааг хийх болсон. 2003 онд Их Британи, Итали, Хятад, Узбекистан болон Монголын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол улсыг тойрсон Азийн 16 улс үндэстний 26 угсаатны бүлгээс У-ДНК шинжилгээг авч тэр дунд 15 маркер дээр хамгийн их давтагдаж байгаа 8%-ийнх нь У-ДНК кодыг Чингис хааных гэж The American journal of human genetic сэтгүүлд нийтэлжээ. Эндээс харахад дэлхий дээр Чингис хааны угсааны 16 сая орчим хүн амьдарч байгаа нь тодорхой байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны наркологийн судалгааны төвийн ажилтан Владимир Нужный Москва хотын бор дарсанд дурлагсдын 50%-аас илүү нь Монгол ген агуулсан байсныг судалгаагаар тогтоожээ. Генетикийн судалгаагаар Монголчуудын удам угсаа олон улс оронд оршин амьдарсаар байгаа нь тогтоогдсон. Гэтэл оросуудад Монгол ген огт байхгүй гэсэн атал бор дарсанд дурлагсдыг судлахад монгол гентэй хүмүүс байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бор дарсанд донтогсдоо монголчуудын хойчис гээд бусад зүйл дээр монголчуудаас огт хамааралгүй гээд байдаг нь ямар учир байна вэ? Мөн өөрсдийгөө Монгол гаралтай гэдэг орос хүмүүс ч цөөнгүй бий гэдгийг бодож үзсэн ч энэ асуудлын хариулт амархан олдох болов уу?

 2. МОНГОЛЧУУД ЯАГААД БУСАД УЛС ГҮРНИЙГ ХАЛДАН ДОВТОЛСОН БЭ? Монголчуудын хүсэл эрмэлзэл бол энх тайвнаар орших тогтнох явдал байв. Тиймдээ ч Чингис хаан овог аймгаа нэгтгэсний дараа оргож боссон босуулуудыг дарах зорилгоор цэрэг илгээж байв. Ингэж явахдаа шинэ газар нутгийг таньж, олон шинэ дайсантай ч болж байв. Тиймдээ ч байгуулсан эзэнт гүрнээ аюулаас хамгаалахын үүднээс хөрш зэргэлдээх улс гүрнүүдтэйгээ дипломат харилцаа тогтоож, эс болбол байлдан дагуулж байв. Бусад өөр олон шалтгаан байсан нь ч лавтай. 

 3. МОНГОЛ МОРЬД 
 Унгарын Томас Архидиакон Спалато хотын түүхд гурван өдрийн турш тасралтгүй унасны дараа өчүүхэн өвс тэжээлд цаддаг хэмээн өгүүлжээ. Гэвч ийнхүү бичсэн нь монголчуудын морьдоо дайн тулаанд бэлдэх аргыг гадныхан мэддэггүй байсантай холбоотой юм. XIV зууны үед бичигдсэн Сү Жигаогийн И-юй бичигт Монголчууд уулгалан дайрахаасаа өмнө морио нэгэн газар уяж, огт тэжээл өгдөггүй. Үүнийгээ сойх гэж хэлдэг. Морь тарган бол өөх мах нь зузаараад, уналгад тохиромжгүй. Ийнхүү уяж сойхоор дамжуулан тарга хүчийг нь тэнцүүлдэг. Морийг уяж сойхдоо бага төдий өвс ногоо идүүлж, морь унаа өлдөж сульдахаас сэргийлдэг байна хэмээн өгүүлжээ. Монголчууд агт морьдоо таргалуулсны дараа өл хоолыг нь сойж, тааруулан байлдаанд унадаг байжээ. Түүгээр ч барахгүй морьдыг дааган цагаас нь эхлэн дайн байлдаанд бэлтгэн тэсвэр тэвчээрт сургаж зэвийн буюу байлдааны морь болгон сургаж байсан юм.

 4. ГАЗАРЗҮЙН МЭДЛЭГ
 Монголчууд ямарваа аян дайнд мордохын урьд туршуул цэргийг илгээж байв. Түүгээр ч барахгүй 1235 онд Орост довтолход Сүбээдэй жанжин удирдан оролцсон. Сүбээдэй жанжин өмнө Зэв жанжны хамтаар 1221-1223 онд Хибчагийн тал нутгаар дайран өнгөрчээ. Тиймээс монголчууд Орост довтолход газар мэдэхгүйн зовлон, саад тотгор учрахгүй нь лавтай. Монгол хүний байгалиас заяасан газар нутгаа танин мэдэх, тандах арга ухааныг суурин соёл иргэншилтэй ард түмэн ойлгохгүй нь лавтай.

 5. МОНГОЛЧУУД ЭРДЭМТЭН МЭРГЭДИЙГ ТӨРИЙН АЛБАНД АШИГЛАЖ БАЙСАН НЬ
Тус баримтат кинонд өгүүлснээр Монголчуудын төрийн бүтэц зохион байгуулалт нь нүүдэлчин сэтгэхүйтэй ард түмний гаргаж ирж чадахгүй зүйл хэмээн дүгнэсэн байна. Магадгүй тийм байж ч болох юм. Тэгвэл монголчууд эдгээрийг хаанаас суралцсан бэ? Энэ асуултын хариулт маш энгийн бөгөөд тодорхой. Монголчууд төрдөө харь гаралтай эрдэмтэн мэргэдээс дэмжлэгийг авч байв. Жишээлбэл, Елүй Чуцай, Елүй Ахай, Махмуд ялавач, Масуд бег, Марко Поло, Ахмад Фанакати, Сангха гэх зэрэг олон арван эрдэмтэн мэргэдийг төр засахдаа ашиглаж байлаа. Түүгээр ч барахгүй Шинжлэх ухааны салбарт Насир ал-Дин ал-Туси зэрэг эрдэмтдийг тэтгэж байсан байдаг.

 6. МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО БОЛ ТҮҮХ УРАН ЗОХИОЛЫН ҮНЭТ ДУРСГАЛ МӨН
Монголын нууц товчоог анх судалгааны эргэлтэн оруулснаас хойш Япон, Хятад, Орос, Америк, Франц, Монголын олон эрдэмтэд судалж шинжилсээр өдийг хүрчээ. Тэгвэл эдгээр судлаачдийн насан туршийн судалгаа нь ямар ч үнэ цэнгүй зүйл болж таарах уу? Монголчуудын өөрсдийн түүхийг бичиж тэмдэглэн авдарт хадгалдаг байсан бөгөөд тэдгээрийг зөвхөн алтан ургийн язгууртнууд л үзэх эрхтэй байсан хэмээн Рашид ал-Дин Судрын чуулгандаа дурдсан байдаг. Үүнээс үзвэл монголчууд түүхээ олон хувь хувилан бичиж тэмдэглэдэггүй магадгүй цор ганц үгүй юм аа гэхэд хэдхэн ширхэг л хувилдаг байсан бололтой. Тэрхүү цор ганц хувиуд устаж үгүй болсон тул монголчуудын түүх монгол бичгээр уламжлагдан ирээгүй нь бололтой. 

 Монголын түүх дан ганц орос хэл дээр бус өөр олон хэл дээр буйг дурдвал Монголчуудын түүх зохиомол гэдгийг үгүйсгэх боломжтой.

 Рашид ал-Дины Судрын чуулган, Жувейнигийн Дэлхийг байлдан дагуулагчийн түүх, Жао хуны Монгол татарын тэмдэглэл, Жан Дэ Хугийн Давааны араар жуулчилсан тэмдэглэл зэрэг олон бүтээл Монголын эзэнт гүрэн бодитоор оршин тогтнож байсныг илтгэнэ.

 Хэрэв Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй бол Плано Карпини, Гийом де Рубрук, Раббан Саума, Ибн Баттута зэрэг аялагчид чухам хаанаас Монголын эзэнт гүрний тухай мэдээлэл олж тэмдэглэн үлдээв? 

Юуны учир Ромын пап хүртэл Монголын эзэнт гүрний гэх “үлгэр”-т итгэж элч төлөөлөгчөө илгээх болов гэсэн асуултанд хариулт гарч ирэхгүй. 

 Учир нь Монголчууд хоёр зууны туршид дэлхийн олон улс орныг нэгтгэн захирч Орос хэмээх улсын үндэс суурийг нь тавьж өгсөн юм.

Мэдээллийн эх сурвалж : https://www.dorgio.mn




Share:

dimanche 3 janvier 2016

Уудам хэмээх нэртэй БАРГА хүү ...

Өвөр Монгол орны Хөлөнбуйр аймаг нутаг Сунам-Уудам хэмээх нэртэй БАРГА хүү ...

Share:

Сайн байна уу

Сайн байна уу
Боориёо тойроhон Баргажамни
Боолонхон-Тумэрhоо эхитэйхэн
Бодолдом оорэхэн сасуутамни
Борьехон Гаарга нютагтайхан
Уруудан ерэhэн Баргажамни
Уулахан газарhаа эхитэйхэн
Уяржа hанадаг багшанарни
Уужамхан Баян-Гол нютагтайхэн
Араараа урдаhан Баргажамни
Аглагхан тайгаhаа эхитэйхэн
Амраглан уелhэн гансахамни
Аажамхан Аргата нютагтайхан
Share:

МЭНДЧИЛГЭЭ


Share:

Translate

hicheel

Blogger templates